ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Мөнх-Эрдэнэ: Сумынхаа малчидтай хамтарч, цөөнгүй ажил хийсэн

O.Admin
2018-05-30

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь Баянтал сумын иргэдтэй уулзаж, хийж хэрэгжүүлсэн болох хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар танилцуулсан юм. Энэхүү уулзалтын дараа Баянтал сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.

-Баянтал сумын удирд­лагууд өнгөрсөн 2017 онд ямар ажил амжуулав. Мөн энэ онд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Сумын хэмжээнд 2016-2020 оны Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр. 2017 оны үндсэн чиглэлийн хүрээнд бид багагүй ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  орон нутгийн төсөвт тусгагдаагүй байсан цөөнгүй ажлыг хийсэн. Дээрээс нь, орон нутгийнхаа ард иргэдийн тусламж, дэмжлэгээр нэлээд хөрөнгө босгож, үйлчилгээний байгууллага, сургууль, цэцэрлэгийн олон асуудлыг шийдсэн байна. Тухайлбал, соёлын төвийн дээвэр хуучраад, дусаал гоождог болчихсон байсныг БСШУС-ын сайдын багцаас 40 сая төгрөгийн төсөв гаргаж, засварласан. Соёлын байгууллагын бие засах газрын асуудлыг огт шийдээгүй байсан. Соёл, урлагийн байгууллага мөртлөө хүний хамгийн наад захын хэрэгцээний асуудлыг шийдээгүй удсан. Тэгвэл өнгөрсөн онд цэвэр, бохир усны хоолойг шинэчлээд, дээвэр засч өгсөн компанитайгаа ярьж байгаад бие засах газрынхаа дотор тохижилтийг хийлгэсэн. Ийнхүү цогц байдлаар соёлын төвийнхөө асуудлыг шийдээд ажиллаж байна. Манай сумын сургуулийн спорт заал шаардлага хангахгүй болчихсон байсан. Цахилгааны монтажгүй, байгалийн гэрэлд л  хүүхдүүдэд хичээл орж байсан юм. Тиймээс Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр спорт заалны цахилгааны монтажны асуудлыг шийдсэн. Мөн БСШУС-ын сайдын багцаас 40 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дотор заслыг нь хийж, шинэчилсэн. Гэх мэтээр бид соёл, спортынхоо заал, төвийг өөрсдийн боломж бололцооныхоо хэмжээнд засч, сайжрууллаа. Орон нутгийн хөгжлийн санд өмнө нь арай илүү төсөв ирдэг байсан. Сүүлийн үед эдийн засаг хүндэрснээс болоод 50 орчим сая төгрөгийн хөрөнгө хуваарилагдаж ирж байгаа. Энэ мөнгөөр бид хийх ёстой боловч жижиг гээд орхигдчихсон асуудлаа шийдвэрлэе гэдэг бодлого барьж ажиллаж байна. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн зөөлөн эдлэл, тоглоом, сургуулийн дотуур байрны засварыг хийсэн. Мөн Эрүүл мэндийн төвийнхөө түргэвчилсэн оношлогооны болон бусад тоног, төхөөрөмжийг тодор­хой хэмжээгээр шийдсэн.  

-Та иргэдтэй хамтарч ажиллаж, тэднээс хандив авч сумынхаа тулгамдсан асуудлыг шийдсэн гэсэн. Тэр талаар мэдээлэл өгөөч?
-Манай сумын алдар цолтой малчид өөрсдийнхөө санал санаачилгаар тодорхой хэмжээний хандив өгсөн. Аймгийн сайн малчин н.Баярсайхан 5.6 сая төгрөгөөр эмнэлгийн нэг өрөөг иж бүрэн тохижуулсан. Аймгийн сайн малчин, “Алтан ишиг”-ний эзэн н.Батболд 1.6 сая төгрөгөөр сургуулийн нэг ангид ширээ, сандал авч өгсөн. Мөн бид “Орон нутгаа хөгжүүлэхэд бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөн хийж, иргэдтэйгээ ярилцсан. Малчдын зөвлөгөөнийг ч бас хийж, цаашид сум орон нутгаа хөгжүүлэх талаар ярилцсан байгаа. Малчдын зөвлөгөөнийг хийхэд малчин н.Замзаах 1.6 сая төгрөгөөр ивээн тэтгэсэн. Гэх мэтээр манай сумын малчид өөрийн сайн дураар хандив өргөж, орон нутгийн хөгжлийн төлөө сэтгэл гаргаж буйд бид баярлаж явдаг. Мөн тоглоомын талбай, авто машины зогсоол гээд бага мөнгөөр цөөнгүй ажил хийж чадсан.  Бид саяхан иргэддээ тайлангаа тавьсан. Мөн 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажилд иргэдийн өгсөн саналыг эрэмбэлэх ажлаа хийсэн. 2018 оны эхний улирлын ажлууд ч шийдэгдэж байна.  

-Баянтал суманд хэд хэдэн хуучин орон сууц байдаг юм байна. Энэ орон сууцнуудыг засч янзлах, иргэдийг тав тухтай амьдрах боломжоор хангах чиглэлээр төлөвлөсан ажил байгаа байх?
-Баянтал сум үйлдвэрийн бүс болоод, хүн амын тоо нэмэгдээгүй байна. Бид хэд хэдэн хуучин орон сууцыг засварласан. Айл ороогүй байрууд олон байгаа. Тийм болохоор дахиад өөр байр засварлаж, хөрөнгө оруулаад, мөнгөө түгжих хэцүү шүү дээ. Цаашид манай сум аж үйлдвэрийн бүс болоод, хүн амын өсөх нь дамжиггүй. Тэр үед хүссэн хүсээгүй эдгээр байшингуудыг засварлаад, иргэд орно. Халаалт, төвийн шугмыг нь шийдчихсэн байгаа. Аж ахуйн нэгжүүд засаад, өөрийн болгоод авах бүрэн боломжтой. Улаанбаатар хотын агаарын бохирдол ямар байгаа билээ. Тиймээс төрөх эхчүүд манай суманд ирж амардаг амралтын бүс болгох боломжийн талаар ч бид ярьж байгаа. Тэгвэл энэ байшингуудыг ашиглана. Ямар нэг байдлаар ашиглах боломжтой.