УИХ-ын гишүүн О.Баасанхүү байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр хамгийн олон удаа асуулт асууж, үг хэлсэн гишүүнээр тодорсон. Ямар сайндаа л УИХ-ын дарга асан М.Энхболдын хамгийн их хэлсэн үг нь “За Баасанхүү гишүүн” байсан гэдэг онигоо хүртэл гарах вэ дээ. МАХН-ын гишүүн ч юм шиг, эсвэл дарга нь ч байж мэдэхээр, үгүй бол хөөгдсөн ч байж болох О.Баасанхүү гишүүнд мэдэхгүй сэдэв, ярихгүй өнцөг гэж алга. Хууль, журам, уул уурхай, татвар, дэг, авгай хүүхэн, 60 тэрбум, ЖДҮ, МАНАН, хэлмэгдүүлэлт, бүлэглэл гээд л. Зарим зангаргатай улстөрчид нэг л сэдвийг барьж авч, судалж, түүнийгээ ярьж, хууль санаачилж, батлуулахын төлөө явдаг. О.Баасанхүү гишүүнд тэгэх шаардлага байдаггүй бололтой. Зөвхөн дуу чангаруулагч олдоод, юу ч хамаагүй ярьж л байвал болдог аж. Яг л хаана буухаа мэдэхгүй дэвхэрч явдаг дэвхрэгээс ялгарах юм алга.
Ядаж байхад өчигдөр ярьсан зүйл, илэрхийлсэн байр сууриа маргааш нь мартчихдаг байж мэдэхээр хүн. 60 тэрбумын асуудал, түүнд холбоотой байж мэдэх хүмүүс, МАНАН, бүлэглэл гээд бүгдийг нь эсэргүүцэж, чанга чанга ярьж байсан удаа түүнд маш олон бий. “Шударга бусын хонгил” гэж цөөнгүй ярьж, Н.Энхбаяр даргыг түүгээрээ оруулсан гэж ч ярьж байсан. Гэтэл УИХ-ын дарга асан М.Энхболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн ТББХ-ны хурал болон нэгдсэн чуулганд оролцож, 6, 7 удаа дуу чангаруулагч ашиглахдаа түүнийг сүрхий өмөөрнө билээ. Арай л түүнээс өөр гэгээрсэн, Монголынхоо төлөө сэтгэл зүрхээ зориулж тэмцсэн хүн байхгүй. Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүд арай дэндлээ, хуулиа, юугаа ч мэдэхгүй гээд л аядуу зөөлөн даргад “пялдагадах”-ын хажуугаар залуу гишүүдийг хэмлэж суусан. Яасан ч хурдан өөрчлөгддөг үзэл бодол, байр суурь байдаг юм. УИХ-ын цогтой тэмцэгчийн дүрээс “улаан хамгаалагч”-ийн дүрд хувирч харуулж байгаа нь тэр юм байлгүй.