ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гоёхон охидын “туяхан” ухамсар

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-01-30

Их дээд болон Ерөнхий боловсролын сургуулийн  хичээл амарч оюутан сурагчид хотын хаа сайгүй холхилдсоор. Найз нөхдөөрөө ханьсан явах охид,  хөвгүүд амралтаа хаа нэгтээ хөгжилдөж  өнгөрөөлгүй л  яах вэ. Ийн зорилготой хэсэг охид цөөхөн зорчигчтой, эл хуль автобусанд зорчихтой миний бие таарлаа. Өмссөн хувцас  нь дэгжин, будсан нүүр нь хөөрхөн, барьсан гар утас нь хямд биш аж. Ярьж буй сэдэв нь “ангийн  хөвгүүн”,  “нөгөө ангийн хөвгүүн мессеж бичсэн, ингэж ярьсан”  гэх. Тэдний дуу чанга гэж жигтэйхэн. Инээх шаардлагагүй зүйлд  бие  биенээ шоолж, “даапаалж” айлгүйтэх нь  энүүхэнд.

Нийтийн  тээвэрт  тэднээс өөр  зорчигч байхгүй мэт аашилж байгаа нь, автобусанд зорчих иргэдийн бухимдлыг төрүүлэв. “Яасан замбараагүй хүүхдүүд вэ, аятайхан яв” хэмээн ахмадууд унтууцахад, үл тоосон  шинжтэй, хээв нэг хөхрөлдөх. Зорчигчийн тайван бус үйлдлийг  алдагдуулсан ч, тэдэнд  гэмшсэн зүйл юу ч  алга, улам чангарсаар.  Тэдний нэг нь миний хажууханд зогсож байв. Бохио тас, тас хийтэл зажлах тэр охины цамцны зах нь хиртэй харагдсаныг нуух юун.

Нийтийн тээврийн автобусанд ажлаа тараад ядарсан иргэд, өндөр настан,  хөгжлийн  бэрхшээлтэй хүмүүс, өдөржин жолооны ард суугаад, нийслэл хотынхоо иргэдийг буух газарт нь хүргэхийн төлөө ажиллаж буй жолооч бий. Гэтэл тэднийг үл хүндэтгэж,  өөрсдийгөө “муухай”  харагдуулж байгаагаа хөндлөнгөөс хардаг  ч болоосой. Хэрэв тэгж хөндлөнгөөс өөрсдийгөө харвал хэчнээн соёлгүй,  бүдүүлэг харагдах бол. Их хотынхоо чимэг болж, соёлыг түгээх учиртай охид минь соёлтой байхад суралцаарай.