ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэ “ангийн дарга”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-31

Засгийн газрын гал тогооны ажлыг хариуцаж, “тогоо, шанагатай” зууралдаж байсан Г.Занданшатар УИХ-ын танхимыг даргалж, алх цохихоор болж байна. Тодруулбал, өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл дараагийн УИХ-ын дарга хэн байх талаар санал уралдуулж, У.Хүрэлсүх сайдын баруун гар болон ажиллаж байсан Г.Занданшатарыг дэмжихээр болжээ.

Намын бүлэг ч 18.00 цагт хуралдаж түүнийг дэмжихээр санал нэгдсэн юм. Намын даргын зүгээс түүний нэрийг санал болгосон бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ц.Нямдорж нарыг нэрийг гишүүдийн зүгээс гаргажээ. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын тухайд УИХ-д гурван удаа томилогдсон туршлагатай улстөрч. Дэд сайдаас эхлээд Гадаад харилцааны сайд, ЗГХЭГ-ын дарга, намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Тиймдээ ч намынх нь гишүүдийн хэлсэнчлэн парламентад олон жил суусан, нам, төрийн ажлыг тасалдуулахгүй хийх чадвартай гэдэгт нийцэж байгаа аж. Гэхдээ З.Энхболд шиг зангарагтай спикер байх уу, эс бөгөөс өмнөх аядуу зөөлөн дарга шигээ төрийн хуулийг үл тоож, түшээдийг ажлаа хаяхад хүргэсэн “суудлын бөглөөс” байх уу гэдэг нь ирэх нэг жилийнх нь хичээл зүтгэлээс шалтгаална.

Нэр хүнд нь шалаар хөглөрчихсөн, улстөрчдийн рейтинг уруудаж болох хэмжээнээс доошилчихсон, хэзээ мөдгүй тарах хэмжээнд хүрсэн парламентын нэр хүндийг дээшлүүлэх нь түүний хийх хамгийн эхний ажил болох нь ээ. Өөрөө ч эндээс ажлаа эхлэнэ гэж амлалт өгөв. Тэр том хариуцлага үүрч. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болсон 65 улстөрчөө парламентын танхимд зодолдуулчихгүй ажлыг нь хийлгэж, хүлээлт үүсгэсэн олон хуулийг хэлэлцүүлэх гээд маш их ажил түүнийг угтах билээ. Ажлаа мэднэ гэж найдъя.