Дорноговь аймгийн Айраг сумын "Цагаан дөрвөлж" багийн нутаг “4 км-ын гарам” гэдэг газар ачааны автомашин галт тэрэг ирж байхад зам руу гарч зогссоны улмаас мөргүүлсэн ноцтой осол гарлаа. Тухайн үед “Волва шаланз” маркийн автомашиныг 44 настай эрэгтэй Б жолоодож явжээ.
Машинд жолоочоос гадна гурван зорчигч явсан бөгөөд гал тэрэгний төмөр хийцэд нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг урьд шөнө буюу хоёрдугаар сарын 01-ний 02:06 цагт хүлээн авчээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтайгаар 6 км зам туулан очсон аж.
Аврагчид 47 минут ажиллаж, иргэн П /36 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гаргаж, Айраг сумын Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Мөн автомашины жолооч Б нас барсан байсныг цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.