Улс нь өртэй, иргэд нь ядуу, шударга ёс үнэгүйдсэн байхад Ц.Элбэгдорж та “Би ардчиллын анхдагч. Би гурван удаа УИХ-д сонгогдсон. Би хоёр удаа Ерөнхий сайд байсан. Би хоёр удаа Ерөнхийлөгч хийсэн” гэж мянга орилоод нэмэр байхгүй билээ. Сүүлийн 28 жилд олсноос алдсан нь их байхад, хөгжсөнөөсөө хоцорсон нь олон байхад “би, би гэж онгирох, би хийсэн, би чадсан, би мундаг” гэж мянган удаа хэлэх нь тийм ч сайхан сонсогдохгүй байна.
Шударга ёс, шударга ёсыг тогтооно гэж сонгогдчихоод буухад нь шударга ёс нь улам үнэгүйдсэн байхад “би шударга” гэж түмэнтэй хэлээд үнэ цэнгүй билээ. Төр барьсан он жилүүдэд улсын нийслэл нь утаандаа дарагдчихаад байхад “утаатай сайн тэмцсэн Ерөнхийлөгч гэж намайг шагнасан” хэмээн бум яриад ч нэмэргүй билээ.
Өмнөх Ерөнхийлөгчөө “Төрийн хууль дуудсан бол зангиагаа засаад, гутлаа өмсөөд очих ёстой” хэмээн яллачихаад, өөрийг нь төрийн хууль дуудахаар сэтгүүлчид цуглуулж, баригдахаараа хулгайч тэр байна гэж орилдог хулгайч шиг олны тархи угааж, орилж явна, тэрбээр. Зүй нь өөрийнхөө хэлсэн үг шиг “Төрийн хууль дуудсан бол зангиагаа засаад, гутлаа өмсөөд очих ёстой”. Түүнээс эрлэгийн элч ирэхээр ээжийгээ заадаг хүүхэд шиг байж болохгүй. Хууль шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй. Та ч шалгуулах үүрэгтэй. Тиймээс “би, би, би” гэж “би”-гээр өвчлөхийнхөө оронд би тэгээгүй гэдгээ нотлох нь зөв биз ээ.