ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Бадарчин”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-17

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан М.Зоригт улс төрөөс бүрэн холдож, цөөхөн монголчуудаа дэлгэцэнд мөнхлөх ажил хийнэ гэхэд олон хүн тоож, бас үнэлж байлаа. Нээрээ ч тэр өнгөрсөн гурван жилийн хугацаанд улс төрөөс хол байж “Бидний цөөхөн монголчууд” гэх том төслийг эхлүүлэн гурван жил хөдөө орон нутгаар хөндлөн гулд “тэнэлээ”.

Нэг ёсондоо эх орноо нар зөв тойрч “бадарчлав” Монгол Улсын өнцөг булан бүрт суугаа монголчуудын үүх түүх, өв соёлыг дэлгэцнээ мөн гэрэл зургийн хальсанд мөнхөлсөн түүний энэхүү ажил өнөөдөр биш юм гэхэд үр хойч үед маань том өв болно. Хэрэгтэй ч юм шиг, эсвэл хэрэггүй ч юм шиг ажлыг дур сонирхлоо даган хийж явсаар энэ хүрэв, тэр. Хийж чадсан уу гэвэл чадсаан.

Түүнийг хийж чадсан баг хамт олонд ч талархах нь зүйн хэрэг биз ээ. Гэвч улс төрөөс ангид эхлүүлсэн гэх төсөл нь сүүлдээ зорилгоо умартаж эхлэв үү гэх хар төрөөд болох юм биш. Өнгөрөгч долоо хоногт тус төслийн баг хамт олон албан ёсоор өөрийн гэсэн телевизтэй болж буйгаа олон нийтэд зарлав.

Ингэхдээ улс төр, урлагийн бүхий л томчуудыг “Зайсан эвент халл”-д урьжээ. Тэнд хоригдоод гарч ирсэн Ч.Сайханбилэгээс эхлээд “ховор зочин” хэмээн өөрийгөө сурталчилдаг Баабар нийтлэлч хүртэл очсон байх юм. Ардчилсан намын залуу улстөрч гэх Ч.Сайханбилэг тус телевизийг удирдана гэх яриа ч чих дэлсэв. Эндээс л өнөөх төсөл чинь улс төрийн зорилготой, бүр 2020 оны сонгуулийн бэлтгэл болчихов уу гэсэн хардах сэтгэл олон хүний бодолд төрж, үүнийгээ ч соошл орчинд ил гаргаж эхэлцгээв.

АН-ын хэсэг залуус энэ төслийг улс төрд зориулж хийсэн юм байна. Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчилье” гэж явсан шиг М.Зоригт “Бидний цөөхөн монголчууд” төслөөр улс төр хийж байж хэмээн шуугиж байна, цаагуур чинь. “Наргианы 80 хувь нь үнэн” гэдэг шиг шуугианы тодорхой хувь нь үнэн байх вий дээ. М.Зоригт та төслөөр дамжуулж улс төр хийгээгүй гэдгээ нотлохгүй бол “далан худалч” нэр зүүх вий. Мөн улс төрөөс хол байна гэсэн үгээ мартав. Өдий хүртэл хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс ч гайхаж бас эргэлзэж суугаа байлгүй.