ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цахим тоглоомын газрууд журам зөрчин ажиллаж байна

O.Admin
2019-02-17

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гуравдугаар сарын 1-ийг хүртэл үзвэр үйлчилгээ, олон нийтийн газруудыг  0-10  насны хүүхдэд үйлчлэхийг хориглох захирамж гаргасан билээ. Үүнээс гадна,  цахим тоглоомын газруудыг ч хаахаар болсон. Энэхүү захирамжийг нарийн тодруулахаар  эхлээд нийслэлийн  МХЕГ-ын Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч М.Мөнхбаттай уулзлаа. Тэрбээр “Халдварт өвчин гарахаас сэргийлэх үүднээс цахим тоглоомын газруудыг хаах  мэдэгдлийг  хүргүүлсэн байгаа. Үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч цахим тоглоомын газар байх ёсгүй” хэмээв.

Цахим тоглоомын газрын эзэд насны хязгаарлалттай үйл ажиллагаагаа явуулж болж байгаа гэсэн тайлбар өгч буй талаар тодруулахад  “Насны хязгаарлалт байгаа эсэхийг мэдэхгүй байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дар­гын Тамгын газраас тод­­руул” гэв. Тиймээс бид НЗДТГ-ын хэвлэл мэдээ­лэл, олон нийттэй харил­цах хэсгийн дарга Э.Дагиймаа­тай очиж уулзсан юм.  Тэр­бээр “Ямар нэг насны хязгаарлалт байхгүй.  Бүх цахим тоглоомын газрууд гуравдугаар  сарын 1  хүртэл үйл ажиллагаагаа зогсоох ёстой” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Тэгвэл энэхүү захирамжийг үл хайхран үйл ажиллагаагаа явуулсаар байгаа цахим тоглоомын  газрууд байсаар байна. Бид фэйсбүүк хуудсаар дамжуулан  ажиллаж байгаа РС тоглоомын газрууд байгаа эсэхийг асуухад,  30 гаруй газар нууцаар үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл ирэв. Тиймээс нууцаар ажиллаж байгаа компьютер тоглоомын газруудад очиж, сурвалжиллаа. Эхлээд  МУИС-ийн хоёрдугаар байрны урд байрлах “LOF” тоглоомын газарт очив. Хаалгыг нь татан ороход тамхины утаа сааралтаж, хөлсний эхүүн үнэр ханхалж байлаа. Үүдэнд нь 20 гаруй хүүхэд тоглох ээлжээ хүлээн чихэлдэн зогсоод, дугаарлажээ.  

20 гаруй настай болов уу гэмээр залуу өөрсдийнх нь урдуур ороод, түрүүлээд суучих вий гэж санаа зовсон бололтой “Сул компьютер алга аа” хэмээн уцаарлангүй хэллээ. Харин тоглоомын газрыг ажиллуулдаг залуу хүүхдүүдийн “Гурван компьютер сул байна уу”, “Хэзээ сулрах вэ”, “57-г сунгая” гэх мэтийн олон асуултад хариулан, заримынх нь цагийг сунгаж тун ч завгүй ажиллаж харагдав.   Түүний хажуугаар  эрэгтэй,  эмэгтэй хоёр хүн  компьютер тоглож байгаа хүүхдүүдэд ус, ундаа, бургер зэргийг авч өгч байлаа. “LOF” тоглоомын газар дөрвөн зааланд 50 орчим компьютерийг зэрэг­цүүлэн байршуулжээ. Хаалган дээрээ VIP гэсэн бичигтэй өрөөнүүд харагдана. Тог­лоомын газрыг ажиглах зуур 10 орчим настай жаал хүү нүдэнд өртөж, түүнтэй ярилцсан юм. Тэрбээр “LOF”  тоглоомын газарт байнга л тоглодог аж.  

Өнөөдөр мөнгө олдоогүй учраас тоглож буй хүүхдүүдийг харж, тоглох хүслээ бага ч болов дарж байгаа нь энэ гэв. “LOF” тоглоомын газрын заалнууд янз бүрийн үнэтэй.  Доод тал нь нэг цаг тоглоход 1000 төгрөг.  Цаашлаад  1200, 1500 төгрөгийн үнэтэй байдаг гэж жаалхүү хэллээ. Заалнуудын хажууд байх тамхи татах өрөө рүү орж харав.  Өрөөн дотор хоёр хогийн сав байх бөгөөд тамхины ишээр дүүрчээ. Хажуугаар нь шалан дээр хаясан тамхины иш, шүлс, нус зэргийг харвал ой гутаж, дотор муухайрмаар.

Харин өрөөнд зогсох  14, 15-тай л болов уу гэмээр хоёр хүүхэд “Сая ёстой гоё ш..х газар чи ямар эрт үхчихэв ээ” хэмээн өнөөх л тоглоомныхоо талаар ярилцаж, хээв нэг тамхи татаж зогсоов. Өрөөнөөс гарч ирэхэд нэгэн эмэгтэй тоглоомын газрын шалыг арчин зогсож байв. Хажууд нь тэндхийн  хамгаалагч бололтой богино долгионы станц барьсан хар хувцастай залуу хана налан утсаа оролдож зогсоно. Үүдэнд нь  нэг жижүүр суудаг бөгөөд шөнө станцаар холбоо барьж, хүүхдүүдийг оруулах, оруулахгүйгээ хэлдэг ажээ.  

Тэр хавийг ажиглах зуур өөр тамхины өрөөнөөс 20 орчим насны залуу гарч ирэв. Түүнээс “Энд хоногоор тоглуулдаг юм уу” хэмээн асуувал “Хонуулдаг.  Хоног нь 6000, 7200 төгрөг байдаг юм.  VIP өрөөнд  хоновол 10 мянган төгрөг” гэж хэлчихээд цааш яаран  одлоо.  Уг нь интернэт тоглоомын газар 18 хүртэл насны хүүхдэд 21:00,  насанд хүрэгчдэд 23:00 цаг хүртэл үйлчлэх журамтай. Мөн садар самууныг сурталчилсан, мө­рийтэй тоглоом тоглодог  сайтууд руу нэвтрэхийг авто­матаар хориглосон программ суулгах ёстой бай­даг. Гэвч эдгээр журмууд  энд үйлчилдэггүй бололтой.  Хэдийнэ 22:00 цаг болсон байтал 18-аас доош насны хүүхдүүдэд үйлчилж байв. 

Тус тоглоомын газарт хүйтэн ундаа, бэлэн гоймон, бургер гээд хүүхдүүдийн шөнийн хүнсийг худалдаалдаг юм байна. Ундаа л гэхэд зам дагуу байрладаг жижигхэн “ТҮЦ”-ийн бараанаас ч дутахааргүй ихээр өржээ. Тэнд тоглож буй хүмүүсийн ихэнх нь өсвөр насны хүүхдүүд. Цөөхөн тооны 30 орчим  настай болов уу гэмээр  залуус тоглож байсан юм. Тэд бүгд л PUBG гэх тоглоомыг тоглож байв.  Биднийг сул компьютер гарахыг хүлээх дүр үзүүлэн ажиглах зуур   “Өө п...,  ямар азтай новш вэ” хэмээн хэн нэг нь ширээ цохиод авч байгаа дуулдана.

Цаахан талд нь бас нэгэн жаал “Сугаа 3-0 шүү” гэж орилоход эсрэг талаас нь харан суух жаал “Байж бай,  хөгжиж байгаад ална аа чамайг” гэж хариу хашхирна.  “LOF” төвд цаг гаруй байсны дараа бид Бөхийн өргөөний ард байрлах “laser” гэх PC тоглоомын газарт очлоо. Биднийг очиход агааржуулалтгүй, харанхуй орчинтой, хүйтэн байр угтав. Тус тоглоомын газарт  бие засах газар ч байхгүй  бөгөөд 30 орчим компьютер зэрэгцүүлэн тавьжээ. Тэнд 10 гаруй хүүхэд тоглож байлаа. Тэд бүгд гадуур хувцастайгаа даарсан байдалтай сууж байсан юм.  Харин тоглоомын газрыг ажиллуулдаг 40 орчим настай эмэгтэй дэргэдээ цахилгаан халаагуур тавьчихсан харагдав.

Энэ тоглоомын газар цагт  800 төгрөгөөр хүүхдүүдийг РС тоглуулдаг аж. Тэнд ч бас 21:00 цагаас хойш насанд хүрээгүй хүүхэд тоглуулах журам үйлчилдэггүй болол­той. Түүгээр ч зогсох­гүй РС тоглоомын газар ажиллуулдаг эмэгтэй  өөрөө энэ журмыг мэддэггүй  юм билээ.  “Хууль, журам зөрчиж хүүхдүүдийг хоногоор тоглуулдаг энэ мэт газруудыг журамлах, эрх зүйн орчныг нь сайжруулахгүй л бол хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирсоор байна.  Нийслэлээс гаргасан журам бодит байдалд ингэж хэрэгжиж байна.

Д.Жамъяндагва