“60 тэрбум”-ын схемийг боловсруулж, төрийн албан тушаалыг хууль бусаар наймаалцсан хэрэгт орооцолдсон Ц.Сандуйг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр өчигдөр гарлаа. Тэр шангаа хүртэв. Төрийн албан тушаалыг хар зах дээр зарж байгаа аятай наймаалцаж болдоггүй гэдгийг ойлгосон биз. Тэр жил гаруйн өмнө хариуцлага хүлээж НИТХ-ын даргын ажлаа өгсөн. Гэсэн ч орон зайгаа алдахыг хүсээгүй учраас өнгөрсөн хугацаанд НИТХ дотроо намаа хагалах ажилд оройлон оролцож байжээ.
Намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг сөрж, өөрийнхөө фракцийн залууг Хотын даргын сунгаанд оруулсан. Улмаар сөрөг хүчинтэй нэгдэж нийлэн намаа хуваах ажлыг хийв. Энэ бүх хор найруулсан үйлдлийнх нь үр дүн эцэст нь намгүй бас хэн ч биш болох сонголтыг түүнд өглөө. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй учраас одоо илүү зүйл ярьж, гоншигонож давхиад яах билээ. Төрийн дээр нам сандайлах ёсгүй ч гишүүний үнэмлэх авч, намын нэрээр албан тушаалын бялуу хүртсэн хэн боловч дүрмээ дагах л учиртай. Тийм атал нэг улстөрчийн хор найруулгад автаж, ёсзүйн алдаа гаргасан С.Мөнхчулуун ч бас хоморгонд нь улс төрийн карьераа дуусгаж байна.
Тэд одоо хэчнээн хашгирч тэмцээд ч шийдвэр нэгэнт гарав. Ирэх онуудад улс төрийн карьер хөөх гэж бодвол бие дааж, эсвэл гудамжинд гарч шударга дүр эсгэх л зам үлдлээ. Эсвэл МАХН-д очиж, Н.Энхбаярыг тойглоно. Хэтэрхий өндөрт залуугаараа дэвж, хэт их албан тушаалд шунавал буух зам нь ч бас хатуу гэдгийг энэ хоёр залуугийн жишээ харуулав. Одоо уйлаад ч яах билээ.