ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Тод од”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-21

Эх нутгийн минь нэгэн эрдэнэ, тод од болох О.Энх-Эрдэнэ дэлхийн тайзнаа гялалзаж явна. Долоон тэрбум хүн амтай дэлхий гэх гарагт өөр өөрийн ёс заншил, өв соёлтой аж төрөн буй түм буман хүмүүс дундаас цойлж гарсан авьяастнуудыг цуглуулсан Америкийн СВS телевизийн “The world’s best” уралдаанд тэр эх орноо төлөөлөн оролцов.

Ингэхдээ 38 орны 50 шүүгчээс 97 оноо цуглуулж, эх хэлийг нь бүрэн мэдэхгүй атлаа Америкийн кантри стилийн дууг гайхширтал дуулсан юм. “Авьяаслаг Монголчууд-2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ өдгөө АНУ-д суралцаж буй бөгөөд англи хэлээр уран бүтээлээ туурвихаар шийджээ. Нэрт продюссер Эндрью Лэйнтэй хамтарч ажиллах гэрээ байгуулж, хоёр ч уран бүтээлээ олон нийтэд цацаад байна. Түүнийг дэлхий нийт сонсож эхэллээ гэсэн үг.

“Азийн цоо шинэхэн од, гайхалтай өвөрмөц хоолой” хэмээн шагшиж, уран бүтээлийнх нь үнэнч фэн болох хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байгаа аж. Юутай сайхан, юутай бахархалтай вэ. Тэр шилдэгүүдийн оролцож буй шоунд 13 шилдэг оролцогчийн нэг болж чадсан ч хоёрдугаар шатнаас хасагдсан байна. Гэвч эх орноо дэлхий дахинд сурталчлав.

Ирээдүйтэй уран бүтээлч гэдгээ харууллаа. Нэр шигээ эрдэнэ гэдгээ харуулж байна, цаашдаа ч харуулсаар байх биз. Англи хэл суралцахаар шамдаж, уран бүтээлээрээ хэдийнэ танигдаад эхэлчихсэн Азийн цоо шинэхэн одоороо эх нутгийн чинь ахан дүүс бахархаж сууна аа, залуу минь. Илүү өөдөө тэмүүлж, Төв Азийн зүрхэнд орших Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргаарай.