ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Урлaгийнхны “сайн ах”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-24

УИХ-ын “жилийн тэмдэг” Б.Наранхүүг яагаад чуулганы хуралдаа суудаггүй, хууль батлахад оролцдоггүйг олон хүн гайхдаг байв. Тэгвэл Их хурлын эрхэм гишүүн Дундговь аймагтаа мал сүргээ өсгөхөд анхаарч, мөн улсын цолтой бөх, Хөдөлмөрийн баатар, Гавьяат “төрүүлэх” ажилдаа шамдаж явсныг өчигдөрхөн мэдэв. Хурдан сайхан буянаа улс бүсийн наадамд түрүүлгэх ажилдаа шамдаж, урлагийн том одуудын тоглолтыг ивээн тэтгээд завгүй явжээ.

Мөн ч том ажил шүү. Эрхэм улстөрчийн хоёр удаа сонгогдохдоо хийсэн ажил нь энэ гэнэ лээ би. Тэр ч байтугай нэг танхимд мөр зэрэгцэн ажиллаж буй УИХ-ын гишүүн С.Жавхлангийн тоглолтыг ивээн тэтгэж байсан талаараа тэр ярив. Гавьяат Т.Ариунаа, “Хурд” хамтлаг хүртэл Б.Наранхүүгийн ивээлийг хүртэж, 50-100 сая төгрөг халаасалж байжээ. Урлагийнхан маань онигоо болов.

Тэр тусмаа УИХ-ын гишүүн С.Жавхланд байх суух газар олдохгүй байгаа биз. Яасан ч их мөнгөтэй юм Б.Наранхүү гэж гишүүн нь. Ямар ч тэнэг гишүүнтэй юм, дундговьчууд. Энэ аймгийг хөгжихгүй байгааг гайхах юм алга. Сонгууль болгоноор дэмжиж гаргаад байдгийг нь бас ойлгох ухаан хүрсэнгүй. Ийм төрийн түшээтэй аймаг тараасан гурилыг нь идэж, хужаа мотоциклоор нь өөрсдийгөө хуураад явж байхаас өөр яалтай.

Хатуу боловч үнэн үг л дээ. Б.Наранхүүгийн хэлээд байгаа нь үнэн бол Т.Ариунаа, “Хурд”, эрхэм гишүүн С.Жавхлан нар минь ичиж амьдар. Эс бөгөөс тэр мөнгийг аваагүй гэдгээ илчил. Б.Наранхүүг мэдээлэлгүй байдгийг нь далимдуулж туслахууд нь дундаас нь мөнгө унагасан ч юм билүү хэн мэдэхэв. Нутгийн иргэддээ тайлагнасан хурлынх үр дүнгээс бид ямархуу тэнэг хүнээр төр удирдуулж суугаагаа дахин дахин ойлгов. Урлагийнхан харин “сайн ах”-тай гэдгээ мэдэж авлаа. Одоо ар араасаа жагсч зогсоод “Хурд” шиг 50 сая биш юм гэхэд таван сая өгчих гэж гуйх хэрэгтэй шүү.