ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Жаргалбаатар:  Тавантолгойгоос нүүрс хулгайд алдагдсан хэргийг шалгаж байгаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-24

АТГ-аас өнөөдөр  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү 2019 оны хоёрдугаар сард хийсэн ажлын тайланг танилцууллаа. Мэдээллийн  үеэр тус газарт шалгагдаж байгаа зарим асуудлын  талаар АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар  сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-ШШГЕГ-т шүүгч нас барсан. Түүний хувьд ямар хэргээр хоригдож байсан бэ?

-Харамсалтай үйл явдал боллоо. Тус хэлтсээс Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгаад явж байхад нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул эхний ээлжинд талийгаачийг сэжигтнээр баривчилж, 48 цагаар саатуулаад байсан. Энэ үед харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач шүүхийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн байсан. Түүнийг хээл хахууль өгөх,  авах гэмт хэрэгт хамтарч ажилласан хэмээн шалгаж байсан. Ингээд 48 цагийн хугацаа дуусаад, түүнийг авахаар очих үед харамсалтай хэрэг гарсан талаар мэдээллийг авсан.

-Талийгаачийг хуулийн ямар заалтаар  шалгаж байсан бэ?

-АТГ-аас Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан. Хэрэг шалгах үйл явц хуулийн дагуу явагдсан. Энэ хүн авилга өгөх үйл явцад хамтран оролцсон гэх үндэслэлээр шалгагдаж байсан.

-Хэвлэл мэдээллийн  хэрэгслээр түүнийг амиа хорлосон, гадны нөлөөтэй нас барсан гэх мэдээлэл гараад  байгаа шүү дээ?

-Талийгаачин нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.  Хоригдож байх хугацаандаа амь нас, эрүүл  мэндийг хамгаалах  үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээдэг. Манайхаас энэ талаар мэдээлэл өгөх  боломжгүй.

- Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нарын хэргийн талаар мэдээлэл өгөөч?

Нэр бүхий зургаан шүүгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа. Энэ хүмүүсийн албан үүргийг түдгэлзүүлээд шалгах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлээд байна. Үргэлжлүүлэн шалгана.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан. Энэ талаар  мэдээлэл өгөөч?

-Тавантолгойгоос нүүрс хулгайд алдагдсан гэх хэргийг мөрдөн шалгаж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Прокурорын байгууллагад  өгсөн материалыг манай АТГ шалгагдаж байгаа хэрэгт нэгтгэн шалгаж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос гэрчийн мэдүүлэг авсан.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 178 хуудас материалыг ард иргэдэд ил болгоорой гэж байсан. Танайхаас үүнийг ил болгох боломжтой юу?

-Боломжгүй. Тухайн мэдүүлэг өгсөн хүн өөрөө нийтэд ил болгоно уу гэхээс,  манайхаас гэрчийн мэдүүлгийг олон нийтэд ил болгох боломжгүй .