Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгчөөр МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны УЗ-ийн гишүүн, Говийн бүс хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Мандахбаяр сонгогдсон. Үндсэндээ сэтгүүлчдийн эвлэл нэг намын “халаасны” байгууллага болчихсон гээд хэлчихвэл хатуудахгүй биз. Сэтгүүлчдийн төлөө олон ажил хийж, нийгмийн асуудлыг шийднэ гэж амласан түүний амлалт улстөрчдийн жишгээр элсэн цөлд ууссан борооны дусал шиг алга болчихгүй гэх газаргүй.
Учир нь тэр улстөрчийн жишгээр л ажиллаж, өөрийгөө сурталчилж байна. АТГ-аас өчигдөр мэдээлэл хийхдээ хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөөгүй нэг албан тушаалтан байгааг хэлсэн. Тэр нь Жендерийн үндэсний хорооны гишүүн, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр болж таарав. АТГ-ын албан ёсны хаяганд түүнийг хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй. Мэдүүлгээ гаргаж өгөх талаар удаа дараа сануулсан боловч шалтгаангүйгээр татгалзсан гэж бичжээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгч хөрөнгө, орлогын мэдүүлэг өгөх шаардлагагүй юм байна.
Харин Жендерийн үндэсний хорооны гишүүн хөрөнгө, орлогоо тайлагнах ёстой аж. Гэтэл яагаад шалтгаангүйгээр хөрөнгөө, орлогоо тайлагнахаас татгалзсан бэ гэдэг нь сонирхолтой. Ёстой л нөгөө гэмт хүн гэлбэлзэнэ гэдгийн үлгэр болов уу. Нуух юмтай, “но”-той хүн л ингэж зоригтойгоор хөрөнгө, орлогоо мэдүүлэхээс ямар нэг шалтгаангүйгээр татгалзах байх. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шударга ёс”-ыг шаардаж ажиллаж байгаа болохоор түүний нууж, хаах гэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж найдая.