ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Шившгийн жалгын гол дүр”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-26

“Будаач будаач гэхээр сахлаа будна” гэгчээр баатар цолоороо гайхуулсан нэг хүн хаана ч хамаагүй дөвчигнөж явдаг болов. Тэр хүн бол Улсын баатар Э.Бат-Үүл. Дөчин мянгатын атаман, хотын унаган иргэн учраас улсын нийслэлийг хөгжүүлээд өгнө дөө гэж бид түүнд итгэсэн удаа бий. Мэдээж чамлахааргүй ажилласан. Гэхдээ сайны хажуугаар саар нь бас хосолж, хүүтэйгээ хамт хэрэгт холбогдоод л явж байгаа. Гэвч экс даргын хийж байгаа үйлдэл, ярьж байгаа яриа нь нэг л биш ээ. Өчигдөр НИТХ-ын төлөөлөгчид Хотын даргаа сонгох гэж ёстой “шившгийн жалга” болцгоолоо.

УИХ нь “шившгийн хөндий”-г туулдаг бол НИТХ-ын хурган дарга нар шившгийн жалгыг туулж, зөвхөн санал асуулгын комисс томилох гэж хурлаа гурван ч удаа хойшлуулав. Ээлжилж завсарлага аваад л. Энэ дунд ёстой “байгалийн тэнэгдүү” зан гаргаж байсан хүн бол Э.Бат-Үүл. Уул нь насаа ч бодсон, намба заах ёстойгоо ухаарсан ч тавьтиргүй загнаж буй төлөөлөгчдийг зад загнаж суулгаад ажлыг нь хийлгэх ёстой хүн бол Үүл баатар юмсан. Гэтэл өөрөө гол дүрд нь тоглочихсон давхиж явлаа, тэр. Ерөнхий сайдыг дуудаж авч ир л гэнэ. Ямар шүүхийн танхим биш дээ. Гаргасан шийдвэрийнхээ төлөө арай ч НИТХ-ын хуралд очиж тайлан тавих хүртлээ “жижгэрч” болохгүй л дээ.

Үүнийг тэр мэдэж байгаа. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэгчээр өөрсдөө хууль бус хор найруулж, С.Мөнхчулууныг дэмжиж, эцэст нь ялагдчихаараа буруутныг хайх гэж баахан дөвчигнөлөө. АН-ын төлөөлөгчид арай л муухай харагдаж байна. “Горимын санал хэлнэ” хэмээн цаг хожиж, асуудалтай холбоогүй зүйл рүү хадуурч давхиад л. Үнэндээ сайхан харагдсангүй. Э.Бат-Үүл та энэ танхимд үлгэр дууриал үзүүлэх ёстой туршлагатай улстөрч. Тийн атал сөрөг хүчнийхээ хэдэн учраа мэдэхгүй бацаануудтай нийлчихээд хор найруулж, хов базаж, бүр гол дүрд нь тоглоод явахаар хэн таныг хүндлэх билээ. Өнгөрсөн дөрвөн жилд олж авсан нэр хүндээ бодсон ч гэсэн “шившгийн жалга”-нд гол дүрд тоглох хэрэг байна уу даа.