ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Рагчаадорж: Голч оноо 2.8-аас бага бол “Оюутан цэрэг”-т хамрагдахгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-28

“Оюутан цэрэг-2019” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл улс орон даяар эхэллээ. Энэ талаар БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Рагчаадоржоос тодрууллаа.

-Энэ жилийн “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын онцлог юу вэ. Бүртгэл хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-2014 оноос хэрэгжиж эхэл­сэн “Оюутан цэрэг” хөтөл­бөр нь 2016 оноос шинээр батлагдсан Цэргийн алба­ны тухай хуулийн дагуу цэр­гийн албаны нэгэн хэлбэр болж хэрэгжиж эхэлснийг бид бүхэн мэднэ. Өнгөрсөн та­ван жилийн хугацаанд 5000 гаруй оюутан энэхүү сур­гал­тад хамрагдсан байна. Энэ жилийн хувьд ч гэсэн өмнөх жишгээр 1000 гаруй оюут­­ныг хамруулахаар төлөв­­лөсөн бөгөөд орон нут­гийн хам­рах хүрээг улам өргө­жүүлж байна. Тухайлбал, энэ­хүү сургалтад 2017 онд 10, 2018 онд 14 аймаг дахь их, дээд сургууль, коллеж, мэр­гэж­лийн сургалт, үйлд­вэр­лэ­лийн төвийн  оюутан, сурал­цаг­чийг хам­руул­сан бол энэ жилээс Дорноговь аймаг дахь Политехникийн коллеж, МСҮТ-ийн оюутан, сурал­цагч­дыг нэмж хамруулахаар бол­сон.

Ингэснээр 15 аймаг дахь  их, дээд сургууль, кол­леж, мэргэжлийн сур­галт, үйлдвэрлэлийн төвийн оюутан, суралцагчид энэ­хүү сур­гал­тад хамрагдах бо­ломж­той. Бүртгэл гуравдугаар са­рын 10-ны өдрийг хүртэл үр­гэл­жил­нэ. Сургалтад 18 нас хүр­сэн, сурлагын голч нь 2.8-аас дээш дүнтэй, Монгол Ул­сын магадлан итгэмж­лэгд­сэн их, дээд сургууль, кол­лежийн нэг­дүгээр дам­жаа­ны оюутан, МСҮТ-ийн су­рал­цагч сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжтой. Бүрт­гэ­лийн хугацаа дууссаны да­раа сонгон шалгаруулалтыг зо­хион байгуулна. Сурлагын голч дүн, эрүүл мэнд, бие бялд­рын хөгжлийн түвшнийг үнд­сэн шалгуур болгоно. 

-Бүсчилсэн хэлбэрээр аль аймгуудад хэрэгжих вэ?
-“Цэргийн мэргэжлийн бэлт­гэл” сургалтыг бүсчлэн зо­хион байгуулах бөгөөд ба­руун бүсийн аймгийн оюутан, суралцагчид Зэвсэгт хүч­ний 123 дугаар ангид, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн оюутан, суралцагчид Зэвсэгт хүчний 186 дугаар ангид, Зүүн бүсийн аймгийн оюутан, суралцагчид Зэвсэгт хүчний 336 дугаар ангид, Өвөрхангай, Архангай, Баян­хонгор аймгийн оюутан, суралцагчдын сургалт Зэвсэгт хүчний 256 дугаар ангид тус тус явагдана. 

-Оюутнуудаас “18 настай хоёр­дугаар дамжааных байж болох уу. Голч оноо нь 2.8-аас бага бол хам­раг­дах боломж бий юу” гэ­сэн асуулт их ирдэг. Үүнд хариулбал?
-Монгол Улсын Засгийн газ­рын тогтоолд нэгдүгээр дам­жаанд суралцдаг, 18 нас хүр­сэн, голч оноо нь 2.8-аас дээш гээд тодорхой заачихсан. Тэгэ­хээр боломжгүй. Ноднин нэг­дүгээр дамжаанд суралцаж байх­даа 18 нас хүрээгүй, харин энэ жил хоёрдугаар дам­жаандаа дэвшиж ороод 18 нас хүрэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд ч гэсэн бид хууль тогтоомжоо баримтална. Гэхдээ тэр оюутанд цэргийн албыг бусад хэлбэрээр хаах эрх, үүрэг нь нээлттэй байгаа.