ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Дэлгэрбаяр: Ээжийгээ л их санах юм

Ц.ЭНХТҮВШИН
2019-03-03

Хэдэн жилийн өмнө компьютер эвдэрчихээд засах хүн хайтал нэгэн залуугийн утсыг өглөө. Холбогдоод  уулзтал хуучны танил Дэлгэрбаяр хүү. Нуулгүй хэлэхэд хараад л “голсноо” нуух юун. Харааны бэрхшээлтэй, таг харанхуй хүн  компьютер засна гэхэд нэг л худлаа санагдсансан. Гэвч миний тэр “муухай бодлыг” эвдэж  Дэлгэрбаяр хүү хэрийн хараатай хүнээс ч илүүтэйгээр эвдэрхий компьютрийг минь засчихаад явчихаж билээ. Тэр явдлаас хойш бараг арваад жил болчихож. 

Үргэлжлэл нь IХ нүүртӨнөөдөр Дэлгэрбаяр маань Японы Ибараки дахь Цүкүба тенологийн  их сургуульд программ хангамжийн чиглэлээр сурч байна. Торлог бүрхэвчний хөндийрөл хэмээх оноштой түүний нүд чухам юунаас болоод харахаа байсныг мэдэхгүй ч сурч мэдэхийн төлөө хэрхэн хичээж зүтгэж буйг нь харахад бахархахгүй байх аргагүй. Япон хэлний мэдлэгээ сайж­руулж, өнөөдөр дээрээсээ хоёрдугаар түвшинд хүрсэн гэнэ. Явахаасаа өмнө “Best” FM 98.52-д найруулагч хийж байжээ.

Тэрбээр “Япончууд маш их тусархаг. Гэхдээ хажууд байх, туслах хоёр гэдэг том ялгаатай. Туслах бол юм худалдаж авахад, зам төөрсөн үед, магадгүй мөнгө. Гэхдээ би хүнээс зүгээр мөнгө авахыг хүсдэггүй. Суралцагчийн хувьд сар бүр нийгмийн халамж шиг хэлбэрээр 80 мянган иень өгнө.  Монгол шиг “ивий ивий” гэж хардаг хүмүүс. Хараагүй хүн утас, компьютер ашиглахад асуудалгүй гэдгийг мэдэхгүй, ганцаараа гадуур явахад гайхах хүмүүс хаа сайгүй байна. Яг мэргэжлийн байгууллага, эсвэл гэрт нь, хамаатан саданд нь хараагүй хүн, ямар нэг байдлаар бэрхшээлтэй хүн байхгүй л бол хараагүй хүн гэж бараг л мэдэхгүй.

Урсдаг шатанд суулгах гэж бөөн юм болно шүү дээ. Япончууд нь унаж тусаад байдаг болохоор тэгдэг юм уу, эсвэл угаасаа хэт их болгоомжлоод байдаг юм уу бүү мэд. Хааяа хөтлөөд явахаар чинь удаан гэлдрээд, газар дөхөхгүй хэцүү шүү” гээд  “Хэдийгээр хөгжлөөр сайхан, хүмүүнлэг ард түмэнтэй ч гэлээ эх орныг минь, ээжийг минь яаж гүйцэхэв дээ” хэмээв. Тэрбээр өөрөө хоолоо хийж хувцас хунараа ч өөрөө угаадаг. Энэ тухайгаа тэрбээр “Хоолоо өөрөө хийдэг болохоор Монгол хоолоо хийх нь элбэг.Энд хувцас хиртэх нь гайгүй болохоор хувцсаа хар цагаан, өмд цамц гэж бодож байгаад л хоёр хуваагаад угаалгын машинд хийчихнэ. Хараагүй хүн хар цагааныг яаж ялгадаг байна аа гэж бодож магад. Анх хувцас авахдаа л ээжээсээ асууна.

Тэгээд л барихад л загвараараа мэдэгднэ. Гэхдээ заримдаа мартаж санаад хольдог байх даа” гэсээр инээнэ. Ер нь Дэлгэрбаяр их хөгжөөнч. Өөрөө ч их инээнэ. Тэрбээр анх хэрхэн компьютр сурсан тухайгаа  “Анх би өөрөө компьютер сурсан гэж боддог байлаа. Гэтэл яг ч бас тийм биш юм. Одоо бодоход намайг сурахад олон хүний тус нэмэр болсон. Би дэлгүүрийн худалдагч, компьютер засварладаг хүмүүс, зарим нэг байгууллагын програмист гээд, олон хүнээс есөн зүйлийн юм асуудаг байлаа. Тэр л тус болсон гэж боддог. Бас мэддэгээ хэлж, мэдэхгүйгээ асуудаг хараагүй хүмүүс ч байгаа. Дээр нь нэмээд миний сонирхол голлоно.

Саваагүй хүн их зүйл сурдаг гэдэг дээ.  Албан ёсны сургалт гэхээр Малайз улсад хоёр  удаа мэдлэг дээшлүүлэх сургалтад явсан. Тэгээд л болоо. Энд яг программ хангамж заадаг газар ирээд сурахдаа өөрийгөө ямар ч логик дэс дараалалгүй сурсан юм байна гэдгээ мэдсэн. Багш нарын хүнд гэсэн асуултад төвөггүй хариулаад, амархан гэсэн асуултыг огт мэдэхгүй байгааг хараад их гайхдаг юм. Уг нь би анх  Америк явна гэж боддог байлаа. Тэгээд Англи хэл үзсэн. Тэгсэн дэлхий дээр хараагүй хүмүүст зориулсан их сургууль ганц байдаг, тэр нь Японд юм гэнэ. Тэгээд л Японыг судалсан. Манай 10 жилийн ангийн хүүхэд энд зүү төөнүүрээр суралцсан юм.

Тэр намайг Японы олон улсын хараагүйчүүдийг дэмжих төвтэй холбож, би тэдний шалгалтыг internet-ээр өгч тэнцээд, тэгээд л  ирсэн. Гэхдээ ганц тэр гэхэд өрөөсгөл л дөө. Намайг явахад дэмжлэг болсон хүмүүс олон байгаа. Мэдээж холбож өгсөн ангийн маань хүүхэд, надад Япон хэл заасан хүмүүс бол гол суурь.  Япон явахын тулд Японы олон улсын хараагүйчүүдийг дэмжих төвийн Япон хэлний шалгалтыг өгсөн. Японд ирээд их сургуулынхаа шалгалтыг өгөөд, сургуульдаа орсон. Гэхдээ зургаан сар  япон хэл үзээд, хэвлэл мэдээллийн нийтлэл унших хэмжээнд хүрнэ гэдэг бол хэцүү. Гол нь сургуулийн шалгалт. Шалгалтад тэн­цэхгүй бол мэдээж бүтэхгүй. Оюутан болчихлоо гээд бүх зүйл бүтлээ гэсэн үг биш. Тэр тусмаа над шиг хүн. Сургуулиас өгч буй 80 мянган иенээ хүргэж амьдарна гэдэг том урлаг. Наян мянган иенийг эд найман ман гэнэ.

Үүний хоёр ман гаран нь байрны мөнгө, тог цахилгаан гээд явчихна. Оюутны дотуур байр мөртлөө сар бүр түрээстэй. Түүнийгээ жилд хоёр удаа авна. Тэгээд гурван ман хүргэхгүйгээр хоолоо зохицуулна. Хэтэрхий гүрийчихээр бие өвдчих гээд, аяндаа л сульдаад ирдэг юм. Тэгэхээр дундаж л байхгүй бол болохгүй. Тэгээд гурван ман үлдэнэ. Ийш тийшээ явахад зардал гэж нэг ман болдог юм. Тэгээд хоёр ман нь утасны төлбөр, хувцас, саван шанпунь, угаалгын нунтаг ахуйн хэрэглээнд таарна.  Залуу хүн болохоор хааяа бас шоудмаар л байна шүү дээ” гэсээр инээх түүний яриа хөгжилтэй.

“Энд тааруухан шоудна гэвэл зургаан сэн буюу 6000 иень болно. Зургаан мянган иеээр шоудах уу хэдэн иень нэмээд сайхан мах аваад  идэх үү гэхээр бас л нэгийг бодно биз. Манайх хараагүй хүмүүст зориулсан сургууль гэдэг боловч яг л энгийн их  сургуулийн шаардлага тавина. Шуудангийн хайрцаг дээр миний нэрийг брайлиар бичсэн, нөгөө машинд зоос хийгээд уух юм авдаг юм дээр хагас дутуу брайль, тэгээд бусад нь бол хараагүй хүнд зориулсан гэхэд хэцүү дээ. Плетка гэхэд л дээд күрсийн ах нараас хагас дутуу товчийг нь заалгаж аваад л үзэж тарна. Зургаан хүн дундаа нэг гал тогоотой, хөргөгчтэй, ойр зуур юм хийж болмоор тавиуруудтай. Гэхдээ зургаан хүн ашиглаж хүрэлцэхээргүй. Манай хэд намайг “яахав”гэж боддог юм болов уу, энэ unit буюу зургаан хүний гал тогоонд бүрэн хараагүй нь би болохоор ч тэр үү ихэнх тавиурыг нь би ашигладаг. 

Сургуулиас төв рүү ороход автобус, галт тэргээр явдаг болохоор бүтэн өдөр гаргахгүй бол тийш тийшээ явахад хэцүү. Бас япон хэлээ сайжруулах гээд хагас сайн өдөр нэг багшаар хэдэн оюутнууд нийлж байгаад заалгана Бүтэн сайн өдөр бас өөр багш нараар япон хэл заалгаж байсан болохоор эхэн үедээ амралтын өдөр гэж байгаагүй.  Ёстой л чөлөөт цаг гэж үгүй дээ” хэмээн хуучилна. Тэрбээр жаахан цаг гарахаараа ном уншдаг гэнэ.

Уг нь түүнийг гадуур явахад нь туслуулах нэг япон анд олдсон ч тэдний цаг тохирдоггүй тул тэр бүр яваад байдаггүй гэнэ. Японд завтай хүн гэж бараг байхгүй болохоор эхэндээ энд гадуур гарна гэдэг хэцүү. Ёстой ээжтэйгээ байсан бол гадуур чөлөөтэй явж болох байх. нэгдүгээр дамжаанд бараа нь хямд дэлгүүр орох гэж хоёр км зайтай газар алхаад, бараагаа цуглуулаад ирдэг байсан. Яг хоёр км гаран хүнсээ үүрээд алхана гэдэг ч бас хэцүү шүү. Дээр нь таягаа барихгүй бол болохгүй. Ганц гар л сул үлдэж тэр гараараа хүнсээ бариад, заримыг нь үүрээд л ирнэ шүү дээ хэмээн ярих бүрийдээ шахам ээж минь дэргэд байдаг бол гэх үгийг олонтаа хэлнэ. Ээжийгээ аваачихад юу хэрэг болж байна хэмээн асуухад минь “Мөнгө. Гол зүйл мөнгө шүү дээ.

Яаж ч хуримтлуулах гээд зургаан сая шахам төгрөг би хуримтлуулж чадахгүй. Хэрэгцээгээ хянахын цаагуур хянаж хэмнэхийн дээдээр хэмнэдэг ч хааяадаа гэртээ ирэхдээ ээж, эгчдээ 100 иений дэлгүүрээс жаахан чихэр авчирч бэлэглэхээс хэтрэхгүй юм. Дээр нь ачаа хязгаартай. Ээжийгээ авчрах зардал яагаад тийм өндөр гарч байгаа юм бэ гэхэд “Замын зардал, оюутны байранд байж болохгүй болохоор байр хөлслөх зардал гээд багадаа 6 сая болохоор байна. Ээж маань хэдийгээр 50 гарсан ч хөнгөн шингэн ануухан эмэгтэй бий. Ээж минь ч гэсэн хүү дээрээ  ирэх гэж хичээж, япон хэл үзэж эхлээд байгаа. Бид хоёр хичээцгээж л байна, гэхдээ санхүү гэдэг амаргүй зүйл байна.  

Зарим өдөр хичээл өглөө есөн цагаас орой 18 хүртэл орно. Өдөр нэг цаг завсарлана. Тийм үед орой хоол хийх тэнхэлгүй орж ирнэ. Анх эргэн тойрон хоолны газар байгаа гэж мэддэггүй, очиж чаддаггүй байсан болохоор өрөөндөө орж ирээд буцалсан ус уугаад л цаг хэртээ хэвтэж  гайгүй тэнхэрч аваад л хоолоо хийнэ дээ. Одоо бол ядарсан үедээ очдог нэг газартай болсон. Гэхдээ л гадуур хооллохоор нөгөө гурван ман нь давчих гээд байдаг юм. Багадаа л 500 иенээр нэг удаа хоол авна. Заримдаа лемонтой цай ууж, луувантай карэ идээд  дархлаагаа дэмжиж байна.

Тэгэж л байж эрүүл саруул, зорьж буй зорилгынхоо заримыг ч болов биелүүлнэ шүү дээ гэх Э.Дэлгэрбаяр маань одоо утсанд суулгадаг шинэ програм туршиж байгаа юм билээ. Энэ нь харааны бэрхшээлтэй хүмүүс  алхаж байгаа замыг нь зааж өгөх төхөөрөмж тул  олон арван харааны бэрхшээлтэй хүмүүст  хаа ч төөрөхгүй явах сайхан боломжийг нээх нь ээ. Аав минь байсан бол, ээжийгээ дэргэдээ авчихвал гэж үе үе дурсах түүнийг  үнэндээ өрөвдсөн. Дээрээ хоёр эгчтэй, айлын отгон хүү хараагүй байна гэдэг ямар хүнд мэдрэмж вэ гэж бодсон ч Дэлгэрбаярт хэлж чадсангүй.

Учир нь тэрбээр өөрийгөө хэзээ ч харааны бэрхшээлтэй, хэцүүхэн байна гэж хэлдэггүй дайчин залуу. “Аав минь насаараа цэргийн хүн байлаа. Миний аав чинь төрийн есөн хөлт цагаан тугны  голынхыг авч явдаг хүн байсан юм. Даанч залуугаараа бурхны оронд буцчихсан. Намайг багад аав минь үүрээд, дээр нь том найраг баян хуур хөгжмийг минь бариад л явдагсан. Аавынхаа нэрийг сайхан өргөж, сайнаар гаргаж явах нь газар дээрх ганц хүү миний үүрэг” гэв. Тийм ээ, Эрдэнэсамбуугийн ганц хүү сайн явна аа.