ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Болд: Талийгаач Л.Бямбаагийн хэрэгт холбогдуулж, найман хүнийг ажлаас халаад өнгөрч болохгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-03

УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Оюундарь нар Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж, нөхцөл байдалтай танилцжээ. Гавьяат шүүгч Л.Бямбаа 48 цагаар хоригдож байхдаа учир битүүлгээр амиа хорлосон хэрэгт холбогдуулан гишүүд ажиллаж байгаа аж.

Энэ талаар Н.Оюундарь гишүүн ярихдаа “Хэрэг мөрдөн шалгах шатанд явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Хэрэгт холбогдуулан хэд хэдэн албан хаагчийг чөлөөлсөн байна. 900 гаруй хүмүүжигч байдаг юм байна. Тэр бүх хүнийг нэг хүн хянаад суудаг юм билээ. Камер нь их жижигхэн. 24/48 гэж ажилладаг. Хүнд нөхцөл байдалд ажилладаг юм байна. Камер нэг бүрийг хянаад байх боломжгүй юм байна.

Таван давхар бүрт нэг албан хаагч хянадаг бололтой. Талийгаачийн талаар асууж лавласан. ШШГБ-ын хувьд хэргийн талаар мэдэхгүй. Хорих ёстой гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлж байсан юм билээ. Маргааш өглөө нь байцаалтад гаргах шаардлагатай байсан юм билээ. 11.00 цаг өнгөрч байхад мөрдөн байцаалтад явуулсан юм билээ. Шинэ Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар заавал прокурорын зөвшөөрлөөр баривчлах болсон юм билээ” гэв.

Харин Л.Болд гишүүн “Гол гол хүмүүстэй уулзлаа. Ажлын ачааллыг хөнгөвчлөх чухал байна. Найман хүнийг ажлаас халсан юм билээ. Гэхдээ ингээд өнгөрч болох уу. Таван жилийн өмнө О.Амарсайхан агсан шалгуулж байгаад амиа алдсан. Дараа нь хоёр ч хүн эрүүл мэндийн шалтгааны улмаас амиа алдсан юм билээ. Тиймээс хүний эрхийн асуудлыг цоо шинээр авч хэлэлцэх болсон байна. Мөсөн уулын орой цухуйж байна. Хоригдож байгаа хүний тоо 1000 гарсан байна. Хууль хяналтын байгууллагын ажиллаж байгаа арга барил эргээд хуучин цаг руугаа оржээ” гэлээ.