Улаанбаатарын агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа. Үүний гол шалтгаан нь гэр хороолол. Нийслэлд 215 мянга гаруй гэр хорооллын айл байгаа гэсэн статистик тоо бий. Гэвч энэ тоо үнэн үү гэдэг нь эргэлзээтэй. Учир нь нэг айлын хашаанд 2-3, цаашлаад 4, 5 айл шавааралдан амьдарч байгаа. Тэгвэл манай сурвалжлах хэсэг зарим гэр хорооллоор явж, нэг хашаанд хэдэн айл шавааралдаж амьдарч байгааг сурвалжиллаа. Эхлээд бид Чингэлтэй дүүргийн наймдугаар хороог зорьсон юм. Зурагт орчмын гэр хороолол гэсэн үг. Тэр хавийн хамгийн өндөр цэгт хүрч, ойр орчныг харах санаатай гудамжаар орон алхлаа. Гудамжны эхэнд л гуч орчим насны гурван залуу нэг удаагийн аяганд архи хийж тойруулан ууж харагдлаа. Тэдний хажуугаар гарахад хир хөлсний нэвшсэн үнэр ханхийв. Тэдний хажуугаар зөрөн гудамж дундуур явж орвол айлуудын хашаан завсраараа асгасан угаадас нь гудамжны хогтой барьцалдан хөлдөж, явган хүн явахад бэрх болжээ. Гудамжаар дээш өгсч явсан болохоор хөлдсөн угаадас дээр хальтарчихгүйг хичээж явав. Хажуугаар нь гудамжинд асгасан үнс бужигнаж, нүд, ам руу орохыг яана. Гудамжаар өгссөөр хамгийн өндөр цэгт хүрээд доош харвал ойр хавийн айлууд алган дээр тавьсан мэт л тодхон.
Тэнд ойролцоогоор 300 гаруй хашаа байх бөгөөд хашаа бүрт дор хаяж хоёр, цаашлаад дөрөв, таван ч гэрийг шамбааралдуулан барьсан харагдав. Хашаандаа ганцхан байшинтай айл тун цөөн. Нэг хашаанд ингэж олон гэр байх нь бие засах газар өвлийн цагт хурдан дүүрч, хөлдөхөөс авахуулаад олон асуудал дагуулдаг нь тодорхой. Орчин тойрныг хэсэг ажигласны дараа хашаандаа хамгийн олон гэр, байшинтай айлуудыг сонгож, оршин суугчидтай нь уулзлаа. Хашаандаа дөрвөн гэр барьсан айлын хаалгыг тогшиход хижээлдүү насны эрэгтэй хүн гарч ирсэн юм. Гэрийн эзнийг Н.Бадрах гэдэг аж. Бид сурвалжлага хийж яваа зорилгоо хэлж, яагаад ийм олон айл нэг хашаанд байгаа. Бие засах газрынхаа асуудлыг яаж шийддэг. Соруулдаг 00-тэй эсэх талаар асуусан юм. Тэрбээр “Би энд 10 гаруй жил амьдарч байна. Энэ хашаанд дөрвөн айл байгаа. Хоёр нь манай ээж, дүү хоёрын гэр. Харин нэг нь хөдөөнөөс шилжиж ирсэн залуу түрээсээр байдаг юм. Айл болгон нэг нойлтой байх боломж байхгүй. Ядаж л зай талбай их эзэлнэ. Дөрвийн дөрвөн нойл байвал дулаан цагт энэ хашаанд байж суухын аргагүй үнэртэнэ биз дээ” гэж ярив. Харин тэдний хамар хашааны хаалгыг тогшиход Б.Тунгалаг гэх бүсгүй гарч ирэв. Түүнд ямар зорилготой яваагаа тайлбарлаж, ярилцсан юм. Тэрбээр “Нагацындаа ирээд жил гаруй болж байна. Өвөлдөө энд маш их утаатай. Айлууд даарахгүйн тулд нүүрсээ л түлнэ. Манайх ялангуяа нялх хүүхэдтэй учраас өдөрт бараг л гурван шуудай нүүрс түлж байсан. Хүүхдээ тэврээд уруу буухад хальтирч уначих гээд их хэцүү” хэмээн ярьсан юм. Тэр хавиар явж, дахиад хэд хэдэн айлын хаалга тогшсон ч эзэнгүй бололтой хаалгаа тайлсангүй. Тиймээс бид Дөлгөөн нуурын арын гэр хорооллыг зорилоо. Баянбүрдийн тойргоос эхлээд “100 айл” хүртэлх хэсэг хэдхэн жилийн өмнө нэлдээ гэр хороолол байсан.
Харин дахин төлөвлөлт хэрэгжүүлснээр “Ногоон нуур” орчмоос бусад нь орон сууцны хорооллоор солигдож байгаа. Баянбүрдийн тойргоос Дөлгөөн нуурын арын хэсэг буюу “Ногоон нуур” орчим дахиа төлөвлөлтөд хараахан ороогүй, гэр хороолол хэвээрээ байгаа юм. Тэр хавийн айлуудыг өндрөөс харахын тулд тэндээ л хамгийн өндөрт тооцогдох “Компьютер молл”-ын есөн давхарт гарав. Есөн давхраас тоосонд дарагдсан гэрүүд, эвдэрч сүйтгэдсэн балгас шиг байшингуудыг харахад, тэнд хүн амьдардаг гэж хэлэхэд эргэлзмээр санагдлаа. Зарим айлынх нь хашаа нь нураад, хажуу айлтайгаа нийлчихсэн харагдав. Нэг хашаанд ганцхан гэр, байшинтай айлд тэнд алга. Хамгийн багадаа хоёр. Цаашлаад 4-5, бүр 11 айл ч нэг хашаанд шавааралдаад буучихаж. Яг жуулчны бааз гэлтэй. Олон малтай айлын хурганы хашаа шиг жижигхэн хашаанд 3-4 айл шавааралдаад буучихаж. Байшингуудынх нь өнгө үзэмжийг хэлэх ч юм биш. Богдын хүрээний шавар тагзууд тийм л байсан болов уу гэмээр тоосондоо дарагдсан, өнгө үзэмжгүй. 21 дүгээр зуунд, сая хол давсан хотод ийм хороолол байгаад итгэхийн аргагүй санагдаж байлаа. “100 айл” орчмын утаа их байдгийн нэг том шалтгаан нь энэ байх. Нөгөө талаар хэсэгхэн газар шавааралдсан энэ олон айл хөрсийг яаж бохирдуулж байгаа нь тодорхой. Орчин тойрныг хэсэг ажигласны дараа хашаандаа 4-5 гэр, байшинтай айлуудыг зорилоо. Гудамжаар ороод явахад л угаадас, бохирын үнэр ханхалж, гудамжинд ил задгай асгасан хог хаягдал, хашааных нь үүдэнд хөглөрч байв. Хашаандаа дөрвөн гэртэй айлын хаалгыг цохивол 40 орчим насны эрэгтэй хаалгаа тайлав. Түүнд сурвалжлага хийж яваагаа тайлбарлаж, ярилцлаа.
Түүнийг Ж.Мөнхбат гэдэг бөгөөд айлын хашаанд түрээсээр амьдардаг аж. Тэрбээр “Би сүүлийн таван жил энд амьдарч байна. Манай хашаанд дөрвөн айл байдаг. Дундаа нэг бие засах газартай. Хашааг сарын 35 мянган төгрөгөөр түрээсэлдэг юм” хэмээн ярилаа. Дараагийн айлд очиход, Х.Нараа гэдэг эмэгтэй хаалга тайлав. Тэрбээр “Би төрлийнхөө айлд ирээд хэдэн сар болж байна. Арваннэгдүгээр сарын сүүлчээр ирсэн. Энэ хашаанд гурван айл амьдардаг. Хашааных нь эзэн өөрөө эндээ амьдардаггүй. Төвдөө ойрхон ч гэсэн нэг хашаанд 3-4 айлтай, тоосжилт, утаан ихтэй. Бас хуучны нурчихсан байшингууд байдаг учраас хүүхэд тоглох ямар ч орчин байхгүй” хэмээсэн юм. Иргэдтэй уулзсаны дараа бид Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны байрыг зорьсон юм. Биднийг очиход наймдугаар хорооны Засаг дарга Б.Баярсайхан эзгүй байсан учраас нийгмийн ажилтантай нь уулзав. Түүнээс наймдугаар хороонд яг хэдэн өрх амьдардаг талаар нарийн тоо байдаг эсэх. Хашаа түрээсэлж амьдардаг айлуудыг тоондоо оруулдаг үгүйг нь асуулаа. Тэрбээр “Манай хороонд түр оршин сууж байгаа гэж бүртгүүлээгүй л бол айлын хашаа түрээсэлж байгаа хүмүүсийг мэдэх аргагүй. Тиймээс учраас нарийн тоо байхгүй. Хүн амын судалгааг Чингэлтэй дүүргээс очиж ав” гэсэн хариулт өгсөн юм. Тийм Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрыг зорьж, статистикийн мэргэжилтэн З.Оюундарьтай уулзаж, мэдээлэл авсан юм.
Чингэлтэй дүүрэгт 2018 оны байдлаар 40017 өрх, 157258 хүн бүртгэлтэй байгаа аж. Харин бидний очсон наймдугаар хороонд 1165 өрхийн 4354 хүн амьдардаг гэсэн тоо баримт байна. Хороо, дүүргийнхэн зөвхөн бүртгэлтэй л айл өрхийнхөө тоог гаргаж, мэдээлдэг аж. Гэтэл айлын хашаанд түрээс төлж амьдардаг иргэд сайн худлаа ярьсан хүнд өдөртөө л хэд хэд солигдож байгаа. Нэг айл түрээсийн хашаанд ирж бууж байхад нөгөө нь нүүж байдаг. Тэр болгоныг тоолох ч арга байхгүй биз. Ингээд бодохоор Улаанбаатар хотын гэр хороололд хэдэн өрх амьдарч байгааг нарийн тогтоох боломжгүй гэхэд хол зөрсөн болохгүй. Бид Чингэлтэй дүүргийн албаны хүнтэй уулзсаны дараа “Хангарьд” ордныг зорьж, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хэлтсийн мэргэжилтэн Г.Даваажаргалтай уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Улаанбаатарын утааны 80 хувийг нүүрсний утаа буюу гэр хорооллын 215 мянган айл өрхийн өдөр тутмын галлагаанаас болж гарах утаа эзэлдэг. Бид гэр хорооллын айл өрхүүдийн тоог нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч байгаа.Түүний нэг нь нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргасан захирамжаар Улаанбаатар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг энэ оныг дуустал зогсоосон байгаа. Мөн суурьшлын бүсийг тогтоосон. Одоо байгаа гэр хорооллын тоог нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч байна. Цаашид хэсэгчилсэн инженерийн халаалтын системд холбох ажлуудыг хийж байгаа. Нийтдээ 50 орчим инженерийн дэд төвийг байгуулна. Одоогоор Баянхошуунд хийж байна. Энэ инженерийн төв нь тухайн орчмын 200-300 айлуудыг цахилгаанаар хангана” хэмээн ярилаа.
Д.Баттогтох
Д.Отгонтуяа
Д.Жамъяндагва