ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Битүү морь”

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-04

Нийслэлийн Иргэдийн хурал дахь даргын томилгоо дуусаагүй байна. Сарын турш гацаж арайхийн Хотын захирагчаа томилсон тэд бүтэн өдрөөр согтуу хуралдаж байж НИТХ-ын даргаа сонгосон. Тэгвэл НИТХ-ын даргаар томилогдсон Р.Дагвын хуучин эрхэлж байсан албан тушаалд орны хүнийг томилох сунгаа эхэлжээ. Р.Дагва нь НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Тэгвэл энэ албан тушаалд яригдаж буй хүмүүсээс хамгийн магадлал өндөртэй нь Ж.Батбаясгалан аж. Нэг талаасаа тэр “битүү морь”. Улс төрд хангалттай танигдаагүй ч нам дотроо дэмжлэгтэй, мөн албан тушаалын одтой нэгэн.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогчийн албан тушаалыг хашиж байлаа. Харин Хотын захирагч асан Су.Батболд ажлаа өгсний дараа түүний ажлыг орлох болсноор НИТХ-д ийм төлөөлөгч байдгийг олон хүн мэдсэн гэхэд хэтийдэхгүй. Дараа нь түүний албан тушаалд жинхэлнэ гэсэн яриа гарах үед бүр ч илүү мэддэг болов. Ж.Батбаясгалан нь хуульч, эрхзүйч мэргэжилтэй юм билээ. 2004 оноос эхлэн УИХ-ын Тамгын газраас ажлын гараагаа эхэлж, тасралтгүй төрийн албанд ажиллажээ. Энэ хугацаанд НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдсон туршлагатай.

АН эрх барьж байсан 2012-2016 онд НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай учраас 32 суудалтай намын бүлгээ удирдах чадвараар гологдохгүй нь тодорхой юм. Тэр доод шатандаа ч хагарчихаад байгаа бүлгээ удирдах болж байна. Тэр ч утгаараа илүү хариуцлага үүрч, илүү том ачааг нуруундаа үүрнэ. Ирэх оны сонгуулиас өмнө бүлгээ нэг мөр хагалж орхих уу, эсвэл эвлэрүүлж ажиллах уу гэдэг том үүрэг түүнд ногдох учиртай. Томилгоог хэлэлцэх үед заалнаас түүний эсрэг нэр дэвшигч гарч ирэх нь тодорхой ч Удирдах зөвлөл дээр нэр нь яригдаж эхэлсэн учраас Засаг дарга С.Амарсайхан, НИТХ-ын дарга Р.Дагватай нэг баг болж ажиллах нь тодорхой байлгүй дээ.