ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Залилангийн онц ноцтой хэрэгтний талаар сэрэмжлүүлэг гаргажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-05

2004 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан.

Мөн 2007 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар зургаан жилийн хорих ялаар шийтгүүлж 2009 онд нэг жил 10 сар 20 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2016 онд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж 2018 оны гуравдугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Улаанбаатар хотын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, М гэгч нь суллагдаж гарснаасаа хойш иргэдийг хууран мэхэлж залилан мэхлэх гэмт хэргийг удаа дараа үйлдсэн хэргээр шалгуулж байгаа аж.

Тэрбээр одоогийн байдлаар /Улаанбаатар хот болон 13 аймгийн 26 суманд/ нийт 43 удаагийн үйлдлээр 46 хохирогчоос 15.795.000 төгрөгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлж байгаа бөгөөд залилан мэхлэх гол арга нь “Үндэсний лавлах 1900-1950” гэсэн лавлах утаснаас тухайн сум орон нутгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга нарын утасны дугаар, мөн байгууллагын дарга нарын утасны дугааруудыг авч залилан хийдэг аж.

Тодруулбал, Олон улсын “Жайка” байгууллага, Сангийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хөдөө аж ахуйн яам, Боловсролын яам зэрэг байгууллагуудын нэрийг барьж “Танай сумаас хоёр иргэнийг Олон улсын Жайка байгууллагаас хэрэгжүүлж буй “Шинэ амьдрал төсөл”, Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Буцалтгүй тусламжийн төсөл”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагаас хэрэгжүүлж буй “Улсаас буцалтгүй тусламж олгох төсөл” зэрэгт хамруулна, таны амьдрал, эрхэлж буй бизнесийг чинь дэмжиж 10 саяас 25 сая төгрөгийг олгоно, байртай болгоно, төсөлд хамрагдахын тулд урьдчилгаа төлбөр хураамж төлсөн байх шаардлагатай” гэж итгүүлэн иргэдийг хуурч мэхлэн иргэдээс тодорхой хэмжээний урьдчилгаа мөнгийг өөр хүмүүсийн дансыг гуйж ашиглан шилжүүлэн авах арга хэлбэрээр залилах гэмт хэргээ үйлддэг байна. 

Иймд иргэд та бүхэн танихгүй хүнтэй утсаар холбогдож тэдний амлалтад итгэж мөнгөө шилжүүлэхгүй байх, мөн өөрийн дансаар бусдын мөнгийг шилжүүлэн авч өгөхгүй байхыг сэрэмжлүүлжээ.