Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай өчигдөр мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Хариулахдаа Засгийн газраас эхлээд дайрч болох болгон руу дайрлаа. Ерөнхий сайдаас эхлүүлээд архирч болох бүхэн рүү “архирлаа”. Өрөөлийн намын гэлтгүй өөрийнхөө намын гишүүдийг хамруулж, шалгуулна, явуулна, хасна гэж “томров”. Бүлгийн даргаа “тоншиж”, Эрүүгийн хэрэг хийсэн бол хариуцлага тооцоод аль гэж эрх баригч намынхнаас гуйв. УИХ-ын гишүүн Л.Болдын намаасаа гарах өргөдлийг сарын хугацаанд шийднэ гэв. Бас АН-аас гараад амар сайхандаа жаргахыг ерөөж байна билээ. “Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өөрөө МАН-ын Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж, МАНАН үүсгэсэн. Тухайн үеийн жагсаалаар таван хүн амиа алдаж, Н.Алтанхуяг таван сайдын суудал авсан. Нэг хүний амиар нэг сайдын суудал авсан” хэмээн тун ч ноцтой мэдэгдэл хийлээ, тэр. НИТХ-д сууж байгаа намынхаа нэг төлөөллийг цагдаад өргөдөл өгч, шалгуулна гэдгээ ч амлав. АН хоёр хуваагдчихсан юм шиг л санагдлаа. Гэтэл тэр өөрөө АН хоёр хуваагдаагүй, харин ч нэгдэж, цул болж байгаа. Н.Алтанхуяг ч намаасаа гараагүй, бид нягтаршиж байна гэж мэдэгдсэн. Цахим сүлжээнд хүмүүс О.Магнайг намаа хоёр хуваах нь ч гэж бичиж байна. АН-ынхан угаасаа л ийм байсан. Хаана ч ил тодоор, нэгнийхээ болохгүй, бүтэхгүйг хэлж, уудалж, задалж ирсэн. Өчигдрийн О.Магнайгийн үйлдэл ч бас л тэр жишиг байсан болов уу. Хэмлэлдэхдээ хэмлэлдэж, хэлхэлдэхдээ хэлхэлддэг нь АН-ынхны зан хойно доо.