ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Тэсрэлт”

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-12

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдлийн 49 хувийг монголчууд авлаа гэсэн мэдээлэл тарсан 2016 оны зургадугаар сарын сүүлчээс эхлээд өнөөдрийг хүртэл Мишигийн Батсуурь нэр холбогдож ирсэн. Тэрбээр, Худалдаа хөгжлийн банкинд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан болохоор одоо ч гэсэн энэ байгууллагынхаа төлөө хүчин зүтгэдэг. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг зориудаар Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурьт хувиарлуулж “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн тал шийдвэрлүүлсэн гэх мэдээлэл бараг хоёр жил гаруй хугацаанд яригдаж байгаа.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахад мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан” гэж мэдэгдэл хийсэн. Тус үйлдвэрт онцгой байдал тогтоох үедээ ийн мэдэгдсэн нь М.Батсуурь Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хувийн хэвшилд авах үйл ажиллагаанд нөлөө үзүүлсэн гэсэн үнэн, худал нь мэдэгдэхгүй ярианд цэг тавьж, баталлаа гэж хүмүүс ойлгож эхэлсэн.

Манайхан төрийн хүний амнаас унаж буй үг үнэн гэдэгт итгэдэг. ЗГХЭГ-ын дарга нь ийн мэдэгдэж байгаа учраас итгэхээс ч аргагүй. Гэтэл энэ оны гуравдугаар сарын 12-нд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалд хандан өргөдөл гаргаж өөрийгөө шалгуулахыг хүсчээ.

Өргөдөлдөө: “ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий УИХ-ын таван гишүүн “Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг “Монголиан коппер корпорейшн” ХХК хууль бусаар худалдан авахад ашиг сонирхолын зөрчилтэй шийдвэр гаргасан.... аавынх нь үүсгэн байгуулсан хувь эзэмшдэг компани руу 70 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн” гэх эрх зүйн үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл удаа дараа хийсэн. Үүнд би холбоогүй тул шалгуулахыг хүсч байна” гэжээ. Шүүгч өөрийгөө шалгуулахыг хүссэн анхны тохиолдол гэхэд болно. Хоёр жил гаруй хугацаанд чимээгүй байсан шүүгч маань “тэсэрлээ”. Харин энэ “тэсрэлт”-ийн чимээ хэр үнэний хувьтай ард түмэнд дуулдах уу гэдэг жингийн туухайг тааруулах эрх АТГ-т үлдлээ.