Хуурайшилт ихтэй байгаа тул ой хээрийн болон, ахуйн гал түймэр гарах эрсдэл их байгааг ОБЕГ-аас анхааруулж буй. Гал түймэртэй тэмцэх талаар тус байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллах талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Ой хээрийн түймэртэй тэмцэх асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч С.Галтзулаас тодрууллаа.
-Өвөлдөө цас бага, мөн хавартаа дулаахан байх талаар холбогдох газрууд мэдээлэл өгч байна. ОБЕГ-аас хуурайшилттай энэ үед ямар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа вэ?
-Жил бүр хавар намрын хуурайшилттай үед ой хээрийн түймрийн гаралт нэмэгддэг. Гэхдээ энэ жил илүү онцлог байна. Учир нь манай улсын хэмжээнд өвөл цас ороогүй учир хуурайшилт их хэмжээтэй. Мөн Ус цаг уур орчны шинжилгээний газраас 2-6 дугаар сард олон жилийн дунджаас их дулаан, хур тунадас багатай байх талаар урьдчилсан мэдээ ирүүллээ. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас шат дараалласан арга хэмжээг авахаар ажиллаж байна. Эхний ээлжинд улсын онцгой комиссоос Ой хээрийн гал түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх 01 тоот албан даалгавар гаргасан. Үүнийг холбогдох яам агентлаг буюу БОАЖЯ, ОБЕГ, Батлан хамгаалах яам, 21 аймгийн бүх шатны засаг дарга, цагдаагийн байгууллагад хүргүүллээ. Эдгээр байгууллагад хэрхэн урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар нэгбүрчлэн мэдээлэл өгсөн. ОБЕГ-аас мөн улсын хэмжээний онцгой байдлын байгууллагуудад энэ чиглэлийг эрчимжүүлэх тухай 01 тоот албан даалгаврыг гаргасан. Мөн ОБЕГ-ын Тэргүүн дэд даргын ой хээрийн гал түймэртэй тэмцэх бие бүрэлдэхүүн, багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн хөдөлмөр аюулгүй байдлыг дээшлүүлэхээр удирдамжит арга хэмжээ зохион байгуулаад явж байна. Дээрх ажлууд бүгд бүтэн жилийн хугацаанд хэрэгжээд явах юм.
-Он гарсаар ой хээрийн түймэр хэчнээн бүртгэгдсэн бэ?
-Улсын хэмжээнд он гарсаар нийт зургаан удаагийн ой хээрийн түймрийн дуудлага ирсэн. Уг дуудлагыг онцгой байдлын байгууллага дуудлага аваад очиход ямар хэмжээд байсан, тэр хэмжээнд нь газар авахуулахгүйгээр унтрааж чадлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад 2015, 2017 онуудад түймрийн гаралт нэмэгдсэн байдаг. Нэмэгдсэн шалтгааныг харахаар хавар намрын хуурайшилт өндөртэй, хур тунадас бага орсон жилүүд давхцаж таарсан. Энэ жил 2015, 2017 оноос илүү хуурайшилттай байгаа учир аюул давтагдаж болзошгүйг анхаараарай.
-Хамгийн их хуурайшилттай ямар аймгууд байгаа вэ?
-Тал хээрийн түймэр ихэвчлэн гардаг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд хамарч байна. Мөн ойн сан бүхий газар буюу ой хээрийн түймэр хамгийн их гардаг Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймаг байдаг. Эдгээр аймгуудад хуурайшилт их хэмжээтэй байгаа.
-Улсын хэмжээнд гал унтраах техник, тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүн хангалттай байж чаддаг уу?
-ОБЕГ-ын даргын тушаал гарсан байдаг. Аймаг нийслэл хоорондоо харилцан ажиллах хуваарь гэж бий. Тухайлбал, аль нэг аймагт өөрийн хүчнээс давсан обьектийн болон ой хээрийн түймэр гарсан бол зэргэлдээ аймгууд харилцан хамтарч ажиллан, хүн хүч хуваарилан гаргадаг. Мөн Улаанбаатар хотод байдаг Үндэсний аврах бригадаас нисэх онгоц болон автомашинаар тухайн гал түймэр гамшиг осол болсон аймагт яаралтай тусламж үзүүлнэ. Гэхдээ БНХАУ, Австрали, БНСУ, Польш, ОХУ улсаас автомашин нийлүүлэх төсөл хэрэгжээд, үйлдвэрлэгдэх шатандаа явж байна. Автомашинаас гадна бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг албандаа ашигладаг. Албаны хэмжээнд техник хэрэгслийн хангалт хэрэгцээ 100 хувьд хүрч чадахгүй. Урьдчилсан байдлаар ямар ч байсан эхний ээлжинд 70 орчим хувьтай байна гэсэн тооцоо судалгааг гаргасан.
-Ихэнх гарсан түймэр иргэдийн буруутай үйлдлээс болдог. Иргэд юуг анхаарах ёстой вэ?
-Улсын онцгой комиссын албан даалгавар, Шадар сайд болон БОАЖЯ-ны сайдын хамтарсан тушаал, Ойн тухай хууль, Галын аюулгүй байдал, гамшгаас хамгаалах тухай хуульд иргэдийн эрх үүргийг зааж өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор хавар намрын хуурайшилт, зуны хэт халалтын үед иргэдийн байгаль орчин, хөдөө хээр зорчих хөдөлгөөнийг хязгаарласан, хориглосон албан даалгавар, захирамж, тушаалууд гаргасан байгаа. Хуулийн хүрээнд ч хуурайшилтын улирал буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ний өдрөөс зургадугаар сарын 10-ний өдөр хүртэл, намар есдүгээр сарын 20- оос арваннэгдүгээр сарын 10-ний хооронд зорчих хөдөлгөөнийг хориглодог. Иргэд эдгээр хууль дүрэм эрх үүргээ биелүүлж, аялал зугаалга, ажлын журмаар хөдөө хээр зорчихдоо галын аюулгүй байдлыг сахих шаардлагатай байна. Асаасан тамхи, шүдэнзний галаа бүрэн гүйцэд унтраах хэрэгтэй. Түүдэг гал асаасан бол түүнийгээ бүрэн гүйцэд усаар зурж унтраана. Малчид, ард иргэд үнс нурмаа ил задгай хаяхгүй, зориулалтын тагтай саванд хийж бүрэн гүйцэд хөрч унтарсны дараа хаях хэрэгтэй. Энэ мэтчилэн иргэн бүхнээс шалтгаалсан, анхаарч болгоомжлох зүйлүүд их бий.