ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гавьяатай найруулагч

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-03-14

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Бүсгүй зурвас” зохиолоор Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар уянгын драмын жүжиг найруулан үзэгчдэд хүргэжээ. Хүлээлт үүсгээд байсан бүтээл олны хүртээл болохтой зэрэгцэн Н.Наранбаатарыг шүүмжлэгчид ар араасаа гарч ирэв. Өчигдөрхөн Л.Өлзийтөгс “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа ““Бүсгүй зурвас” миний зохиол биш болсон байна лээ” хэмээн Төрийн соёрхолтыг дэвслээд амжлаа. Найруулагчаа хөөрхөн чимх­чихлээ гэх тайлбар зүүсэн түүний ярилцлага өөрийгөө өмгөөлсөн өнгө аястай болсон байх аж. Мэдээж энэ бүтээл хоёр мундаг уран бүтээлчийн нэгдэл байсан учраас олон талаар хүлээлт үүсгэсэн нь тодорхой. Энэ хүлээлтэд хүрсэнгүй. Мөнгө төлсөн учраас шүүмжлэх эрх нь ч бас нээлттэй.

Гэвч унасан дээр нь дэвслэх гэсэн аятай зохиолч нь хүртэл үгүйсгэж, соошлоор Н.Наранбаатар шиг чадваргүй найруулагч байхгүй гэж “доромжлох” нь хэр зохистой вэ. Н.Наранбаатар шиг найруулагч Монголын урлагийн салбарт цөөхөн бий. Тэр хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүн. СУИС-ийн найруулагчийн ангийг төгссөн даруйдаа л “Бооцоо” жүжгийг тайзнаа амилуулж, Улсын драмын эрдмийн театр гэх том айлын хаалгыг урилгагүй татаад орж ирсэн хүн. Монгол төрийн баяр наадмыг гурван удаа найруулж, тэр болгондоо үнэлүүлж чадсан найруулагч хэд байгаа юм. “Надаар тоглосон хайр”, “Шөнө дундын бүжиг”, “Дурлахыг хориглоно”, “Нууц амраг чинь болъё” зэрэг уянгын драмын жүжгээс гадна “Гамлет”, “Парисын дарь эхийн сүм” зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдийг ч драмын театрын тайзнаа амилуулж, алга ташилтад бялуурч явсан гайхалтай уран бүтээлч.

“Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр нь омогшиж байсан хүмүүс өнөөдөр ганцхан чанаргүй бүтээл дээр нь дөрөөлж дэвсэлж байгаа нь шившигтэй. Тэр эзэнгүй шахам болчихсон байсан драмын театрыг үзэгчтэй болгосон гавьяатай шүү. Найруулагч хүн бүхэн бүтээлээ даацтай гаргадаггүй. Хүн л учраас алдана, тархиндаа боловсруулсан нь буруу болох үе гарна. Ороо бусгаа нийгэм цаг үед бухимдсан бухимдлаа ч гаргахыг үгүйсгэхгүй. Тэртээ, тэргүй төр засаг нь өөрөө эмгэнэлт драмын жүжиг болсон энэ цагт тэрслүүд бодол тээсэн ч юм билүү хэн мэдлээ. Юутай ч Н.Наранбаатар бол гавьяатай найруулагч. Цаашдаа шүүмжлэлийг хүлээн авч, уран бүтээлдээ илүү бүтээлч байдлаар хандах биз гэсэн эгэл нэг үзэгчийн хувиар түүнийг өмөөрлөө. Та бол хийсэн зүйлтэй найруулагч. Төрийн соёрхолт гэх эрхэм хүндтэй цол жулдаагүй юм шүү гэдгээ илүү олон бүтээлийг даацтай найруулж, бидэнд харуулаарай.