С.Баярцогт “Оюутолгой” компани хоёр ихэр юм гээд л хэлчихэд нэг их хол зөрөхгүй байх. Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” компанитай гэрээ байгуулсан 2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр Швейцарийн “Credit Suisse” банкин дахь С.Баярцогтын оффшор дансанд 9.2 сая ам.доллар орсон байдаг.
Ингэхээр энэ хоёр яах аргагүй ихэр гэхээс өөрөөр харах өнцөг олдохгүй байна. “Оюутолгой” компанитай байгуулсан гэрээ Монгол Улсад хамгийн ашигтай хийгдсэн гэж цочих ч үгүй ярьж, 51 мянган хувьсагч гэгчээр тайлбарлан олны тархийг угааж ирсэн хүн бол сангийн сайд асан. Газар тариалангийн аж ахуйн нэгжтэй экс сангийн сайд маань гайхалтай нэгэн гэрээг байгуулсанаар оффшор бүсэд бүртгэлтэй болж, дансанд байсан мөнгөө мартаж явсан “зайтай” эр. Хүн мартдаг л даа. Гэхдээ нэг сая ам.доллараа мартах гэдэг юу л бол.
Нөгөө оффшор данс руу нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэнээс хойш үе үе ам.доллар урсан орж ирдэг болчихсон гэнэ. Үүний учрыг нь С.Баярцогт өөрөө сайн мэддэггүй гэж нэгэнтээ ам алдаж байсан гэсэн. Ямар ч их мөнгө үү. Яасан сайхан амгалан суудаг юм. Дэлхийгээр нэг тэнэж яваа эзэнгүй ам.доллар сангийн сайд асан хүний данс руу цутгадаг бололтой юм.
Нөгөө олон хувьсагчийн гавьяа ч байж болох. Гэтэл саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн Холбооны улсад айлчлал хийх үедээ тус улсын банкнаас С.Баярцогтын таван дансны гүйлгээний хуулгыг олж ирсэн гэх мэдээлэл байна. Үүнийгээ Авилгатай тэмцэх газарт өгч шалгуулах гэж байгаа гэнэ. Үнэн бол С.Баярцогтын 51 мянган хувьсагчийн утга тодорхой болж, ашигтай гэж ярьдаг ч ард түмэнд өгөөжөө өгөхгүй байгаа Оюутолгойн гэрээний булхай ил болж магадгүй.