Жендэрт суурилсан хүчирхийллийн 98 хувийг эрэгтэйчүүд, 12 хувийг эмэгтэйчүүд үйлдэг гэсэн тоон судалгаа гарсан байна. Үүнтэй холбоотойгоор жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, хандалгыг өөрчлөх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд нийт 30 эрэгтэй сургагч багш бэлтгэж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн гэр бүл хөгжлийн төвийн мэргэжилтэн Н.Хөхөөтэй ярилцлаа.
-Зөвхөн эрэгтэй хүүхдүүдийг сургагч багшаар бэлтгэж байгаа нь шалтгаантай байх. Ингэж бэлтгэсэнээр ямар үр дүн гарах юм бол?
-Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газартай хамтраад эрэгтэйчүүдийн өнөөгийн нөхцөл байдал гэсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж байсан. Энэ хэлэлцүүлгээс гарсан санаачилга бол эрэгтэйчүүдийг хөгжил дэвшлийн талаар баримтлах бодлоготой болгох шаардлага байгаа гэх асуудал юм. Дараагийн гарсан санаа нь гэр бүлийн хүчирхийллийн асуудлуудыг хөндсөн сургалт зохион байгуулахад оролцож байгаа иргэдийн 70-80 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг харьцангуй үзүүлэлт юм. Гэтэл хүчирхийллийн гэмт хэргийн тоон судалгаа, баримтыг харахад, 98 хувь нь эрэгтэйчүүд үйлдсэн гэсэн баримт бий. Тиймээс эрэгтэйчүүдэд мэдээлэл түгээх, оролцоог нь нэмэгдүүлэхийн тулд мэдээлэл өгөх арга барилаа өөрчилж, ажлын байр болон их, дээд сургуулийн оюутан залууст очиж мэдээ мэдээлэл өгөх зорилготойгоор эрэгтэй сургагч багшийг бэлтгэж байна. Яагаад заавал эрэгтэй хүүхдүүдийг сонгосон бэ гэхээр эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй ярихаасаа илүүтэй эрэгтэй хүнтэй хурдан ойлголцдог. Илүү нээлтэй байж чаддаг. Өөрт тулгамдаж буй асуудлаа ярих гэх мэтчилэн давуу талууд өмнөх ажлуудаас харагдсан учраас зөвхөн эрэгтэйчүүдийг сургагч багшаар сонгох нь үр дүнтэй юм байна гэдгийг анзаарсан.
-Одоогийн байдлаар хэдэн сургагч багш бэлдсэн бэ?
-Нийт 30 сургагч багш бэлдсэн байгаа. Сургагч багш нар 2019 оныг дуустал зөвхөн эрэгтэйчүүдийг хамарсан жендэрийн талаарх ойлголтыг өгөх, тэднийг сонсож ойлгох, дүүрэг бүрт гурав, гурваараа хуваагдаж мэдээлэл өгөх чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн дүүргүүдийн ЕБС-ийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд бас сургагч багшаар ажиллана. Эдгээр хүүхдүүд зөвхөн сургуулийнхаа хүрээнд сургалт зохион байгуулна.
-Эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр ямар өөрчлөлт гарах бол?
-Жендэрийн тухай зөв ойлголттой болно. Ихэнх эрэгтэйчүүд маш буруу ойлголттой явдаг. Жишээлбэл, эрэгтэй хүн айл гэрийн ноён нуруу учраас бүх эрх мэдлийг барих ёстой. Хүүхэд харж, гэрээ цэвэрлэх нь эмэгтэй хүний хийх ёстой ажил гэх мэт хандлагатай болчихсон байдаг. Тийм учраас жендэрийн тэгш байдал гэдгийг зөвөөр ойлгуулах, ингэснээрээ цаашид үр хүүхдүүд нь хүртэл зөв ойлголтой болох байх.
-Зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүд хүчирхийлэлд өртдөг биш. Эрэгтэйчүүд ч гэсэн хүчирхийлэлд өртдөг гэдэг. Эрэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөх гол шалтгаан юу байна вэ?
-Хүчирхийлэл гэдэг нь зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүн гэсэн ойлголт биш. Хүчирхийлэл гэдэг дан ганц бие махбодийн хүчирхийллийг хэлдэггүй. Сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл гэх мэтээр олон талаас нь жендэрийн асуудал хөндөгддөг. Түүнчлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан иргэдийн 12 хувь нь эрэгтэйчүүд байдаг.
-Эрэгтэйчүүд ямар хүчирхийлэлд өртөөд байна вэ?
-Ихэнх эрэгтэйчүүд сэтгэл санааны болон эдийн засгийн хувьд эрх нь зөрчигдөж байдаг. Нэг гэр бүлийн хоёр хүн хамт дэлгүүр хэсэхэд эрчүүд бараг юу ч авдаггүй гэж хэлэхэд буруудахгүй. Гэхдээ хэрэгтэй гэсэн зүйлээ л авдаг. Харин эмэгтэйчүүд энэ эрэгтэй юм чинь надад авч өгөх ёстой гэсэн хандлагатай болчихсон. Энэ нь эргээд эдийн засгийн хувьд нөгөө хүнээ санаандгүй байдлаар дарамтад оруулдаг.
-Сэтгэл санааны хүчирхийлэл гэдгийг тодруулбал?
-Ихэнх хүмүүсийн дунд хэвшмэл буруу ойлголт байдаг. Энэ нь эмэгтэй хүн эр нөхөртөө халамжтай байх, гэрээ цэвэрлэж, хоол хийх ёстой гэсэн буруу ойлголт юм. Харин эмэгтэйчүүд нь эрэгтэй хүн гэр бүлээ авч явах, эрэгтэй хүн тийм байх ёстой, эмэгтэй хүн ийм байх хэрэгтэй гэсэн буруу хүлээлтээс үүдээд бие махбодийн болон сэтгэл санааны хохирол учруулахыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм тийм байх ёстой гэсэн шаардлага нь өөрөө буруу юм.
-Сургалтад сууж буй хүмүүс жендэрийн талаар хэр мэдлэг, мэдээлэлтэй байна бэ?
-Анхан шатны ойлголт ерөнхийд нь байсан. Гэхдээ сургалтад бүрэн суусны дараа маш олон зүйлийг эргэцүүлж, олон талаас нь жендэр гэх ойлголтыг авч үзэх байх.
Д.Баттогтох