Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар хамгийн залуу гишүүн болж, төрд орж ирсэн эрхэм бол Д.Гантулга юм. Ид наргиж, цэнгэх, алдаж, онох залуу насандаа төрийн түшээ хэмээх хэлэхэд сайхан ч, хийхэд бэрх ажилд томилогдсон билээ, тэр. Тиймдээ ч ажлаа авсан даруйдаа хамгийн их чуулган тасалдаг гишүүдийн нэгээр нэрлэгдэж, чих халууцуулж эхэлсэн нь саяхан. Тун удалгүй хормой хотны асуудал сөхөгдөж, сэтгүүлч бүсгүйг буудал дуудаж, уулзахыг санал болгож ярьсан бичлэг олноо ил болсон.
Мөн дуучин бүсгүйтэй янаг амрагийн харьцаатайг нотлох зурвас нь олон нийтийн сүлжээнд байршиж түмнийг алмайруулаад амжсан. Одоо л нэг ухаажих байх даа гэх бодолтой зэрэгцэн, нэг алдсан хүн нэмж алддагийн үлгэрээр айлд хоноод гарахдаа айлын бүсгүйг айлгаж ичээсэн асуудал ч сөхөгдөөд авав. Адгийн зарга арав хоногтой гэгчээр эдүгээ ч эл хэрэг шийдэгдээгүй, олны анхааралд байсаар байгаа билээ. Төр түшиж, олны итгэл авсан төрийн түшээ бүү хэл гэр толгойлсон эр хүнд хориотой үйлдлийг тэр гаргасан болохоор ард иргэд түүнд хатуурхаж буй нь ч үнэн. Түүнээс хойш эрхэм гишүүн маань хөдөө орон нутгаар манлайлал-ёс зүй сэдвээр лекц уншиж нэг хэсэг явав.
Харин сүүлийн үед манай гишүүн ган гачигтай байгаа аймагт хур бороо оруулахаар үүлэнд нөлөөлөхөөр ажиллаж байгаа сурагтай. Эхнээсээ ч үр дүнгээ өгч өнгөрөгч амралтын өдрүүдээр Хэнтий аймагт орсон бороо эрхэм гишүүн Д.Гантулгын ач хэмээн Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдэгджээ. Ийнхүү Их хурлын гишүүн маань “үүлэн бороо”-ны ажилтан болсоор явна. Ерөөс 21 аймаг, нийслэл хотдоо Д.Гантулга гишүүнийг урьж хур бороо оруулмаар юм байна. Үүлэнд зориудаар нөлөөлөх ажилд гарамгай амжилт гаргаж чадсан түүнийг газар тариалангийн бүс нутгийнхан ч уриад нэг буудуулчихад гэмгүй биз. Шууд болон шууд бусаар тэр “үүлэн бороо”-ны ажилд тун ч гарамгай нэгэн болжээ.