Гадны улс орнуудад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд гэмт хэрэгт холбогдох, амиа алдах, цаашлаад хулгайн хэргээр ял сонсох явдал жил ирэх тусам нэмэгдэж байна. Жилдээ 3-4 ийм төрлийн хэрэг бүртгэгдэж, ял сонсч, амиа алддаг байсан бол өдгөө сарын хугацаанд л бараг 1-2 хүн гэмт хэрэгт холбогдож, эсвэл амиа алдах болов. Консулын газрын мэдээлснээр өдгөө дэлхийн 75 улсад 144 мянган монгол иргэн хууль ёсны дагуу ажиллаж, амьдарч буй. Хараар буюу цагаачилж гарсан иргэдийг тооцвол энэ тоо 200 гаруй мянгад хүрнэ. Мөн 2018 онд гэхэд л 543 иргэн Монгол Улсын харьяат байхаас татгалзжээ. Гурван сая гаруй хүн амтай улсын хувьд энэ бол асуудал болгох ёстой тоо. Гэвч хөдөлмөрийн үнэлэмж байхгүй, цалин хөлс бага, амьдрахад таарамжгүй гэх үндэслэлээр хийж бүтээх насны залуус энэ мэтээр эх орноосоо дүрвэж, хүний нутаг гүний хошуунд алтан амиа алдаж, гэмт хэргийн золиос болж, зарим нь хулгай хийж амиа зогоож байна. Олон хүн сайнтай, муутай гэгчээр хууль ёсны дагуу ажиллаж, амьдарч байгаа нь хэдэн мянгаараа бий. Гэвч тэдний дунд хууль бусаар амьдардаг, хулгай хийдэг, нутаг нэгтнээ дээрэмддэг, биеэ үнэлдэг гэх мэтээр муу муухай хэрэгт холбогдох хүний тоо ч нэмэгдсээр байгаа юм. 2019 оны гараад удаагүй байхад л бид харь нутагт ажиллаж буй элэг нэгтнүүдийнхээ тухай таагүй мэдээ хэд, хэдийг дуулжээ. Эдгээр жишээг онцолж буй нь хэн нэгний мууг үзэх гэсэн хэрэг огт биш. Ерөөс хүний нутагт ажиллаж буй монголчуудынхаа аюулгүй байдал, амь насны төлөө тухайн улсад байгаа Элчин сайдын яам, Консулын газрын ажилтнууд анхаарч, сэтгэлтэй ажиллах цаг болсныг харуулж байна. Мөн улс бүрт байгаа холбоодууд ч хамтран ажиллаж, монголчуудынхаа төлөө сэтгэл гаргах цаг болсныг харуулж байх юм. Яаж ч ядарч зүдэрлээ гэсэн эх нутагтаа ажиллаж, амьдарлаа гээд хоосон хонохгүй. Тийн атал хүний нутагт очиж хулгай хийж, биеэ үнэлж буй тэднийг буруутгахгүй гээд яалтай билээ. “Нэр хугарахаар яс хугар” гэдэг дээ, монголчууд минь. Эх орныхоо хилийн дээс алхаад л бид “МОНГОЛ” гэсэн нэг л овогтой болдог учраас дор бүрнээ нэрээ хичээж амьдрахсан. Шинэ он гарснаас хойш гадны улсад бүртгэгдсэн гэмт хэрэг болон амиа алдсан хүмүүсийн тухай мэдээллийг тоймлон хүргэе.
349 иргэн гэмт хэрэгт холбогдож шалгуулсан
Гадаад улсад гэмт хэрэгт холбогдон шалгагдсан иргэдийн ихэнх нь хулгайлах төрлийн хэрэгт холбогдон шалгагдсан байна. Судалгаанаас үзэхэд, өнгөрөгч онд Монгол Улсын 349 иргэн гадаад улсад гэмт хэрэгт холбогдон саатуулагдаж шалгагдсанаас 142 иргэн хулгайлах гэмт хэрэгт шалгагдсан. Тухайлбал, БНХАУ-д 253 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас, хулгайлах хэрэгт 109 иргэн шалгуулжээ. БНСУ-д 26 иргэн шалгагдсанаас, хулгайлах хэрэгт таван иргэн, ОХУ-д найман иргэн шалгагдсанаас, хулгайлах хэрэгт зургаан иргэн, Тайвань, Сингапур, Тайланд улсад тус бүр зургаан иргэн шалгагдсанаас, бүгд хулгайлах хэрэгт тус тус шалгуулжээ. Гадаад улсад ял эдэлж байгаа Монгол Улсын 167 иргэн байгаагаас хулгайлах хэрэгт ял эдэлж байгаа 73 иргэн байгаа аж.
Солонгос иргэнийг зодож танхайрчээ
Шинэ оны өмнөхөн буюу арванхоёрдугаар сард БНСУ-ын Тэгү хотын цагдаагийн газар Солонгос иргэнийг зодож танхайрсан Монгол Улсын иргэнийг саатуулжээ. Тус улсад гэрээгээр ажиллаж байсан иргэн А /23 настай/ ачааны машины жолооч 50 настай солонгос иргэнийг зодож, танхайрсан байгаа юм. Уг хэргийн дуудлагаар очсон цагдаа нарт ч эсэргүүцэл үзүүлсэн тул баривчлан саатуулсан аж. Иргэн А Монгол руу яаралтай буцах шаардлага гарсны улмаас Сөүл рүү явах гээд замын унаанд дайгдахаар дээрх ачааны машиныг зогсоосон аж. Улмаар жолоочтой хэл ойлголцохгүйн улмаас солонгос иргэнийг зодож танхайрчээ. Түүнд Тэгү хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.
Нутаг нэгтнээ хөнөөгөөд амиа хорлов
Шинэ оны дараахан буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр БНСУ-ын Гёнбуг мужийн Гүми дүүрэгт Монгол Улсын иргэн эрэгтэй, 33 настай А нь бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон юм. Дээрх хэрэг “One room” байранд болсон бөгөөд тухайн байрны ажилтан цагдаагийн газарт мэдэгджээ. Цагдаагийн байгууллагаас энэхүү хэргийг шалгах явцад залуугийн амийг хөнөөсөн Монгол Улсын иргэн 46 настай эрэгтэй нь Гүми ууланд модноос өөрийгөө дүүжилсэн байдалтай олдсон байдаг. Хэргийн газраас хохирогчийг хөнөөсөн хутга олджээ.
Монгол эмэгтэй буудуулж амиа алдлаа
Турк улсад ажиллаж, амьдарч байсан монгол эмэгтэй Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-ны өдөр хамтран амьдрагчдаа буудуулж, амиа алдсан юм. Амиа алдсан монгол эмэгтэй нь 18 настай бөгөөд ажил хийдэг байсан аж. Тэрээр Истанбул хотод амиа алдсан бөгөөд хамтран амьдрагч Турк иргэн нь бүсгүйг толгойн тус газарт нь буудаж амь насанд нь хүрсний дараа өөрийгөө буудаж хөнөөжээ. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа юм. Талийгаачийн ар гэрийнхэн нь мэдээллийг нууцлахыг хүссэн учраас дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй. Мөн талийгаач бүсгүйг эх оронд нь нутаглуулах уу гэдэг нь ч тодорхойгүй байгаа юм.
Хоёр монгол иргэн хууль бусаар хил нэвтрэхийг завдав
Энэ сарын 12-нд Беларусь, Польшийн хилээс нэг километр зайд монгол иргэд хил нэвтрэх гэж байгаад баригдсан хэрэг гарсан юм. Тодруулбал, 28 настай эрэгтэй, 25 настай эмэгтэй хууль бусаар хил нэвтрэн, Польшид очихыг завдсан тухай Беларусийн Хил хамгаалах албанаас мэдээлсэн байна. Тэднийг нутгийн иргэдийн мэдээллээр баривчилсан бөгөөд Гродногийн Хилийн цэргийн түр саатуулах байранд хорин, мөрдөн шалгаж байна.
Монгол эмэгтэй бүлэглэн үнэт эдлэл дээрэмджээ
Шри-Ланкын хойд нутгийн Калутара хотод 43 настай монгол эмэгтэй бусад дөрвөн этгээдийн хамт өндөр үнэтэй үнэт чулуу хулгайлсан хэргээр баривчлагджээ. Тэрбээр хоёрдугаар сарын 22-ны өдөр эрдэнийн чулуу олборлолтоороо алдартай Ратнапура мужаас чулууны худалдаачныг чулууг нь өндөр үнээр авах хүнтэй танилцуулна хэмээн хууран, Калутара хотод нэгэн дэн буудалд авчирсан байна. Тэднийг ирээд удаагүй байхад өөр дөрвөн эрэгтэй хамсаатан нь орж ирэн худалдаачнаас эрдэнийн чулуунууд, машин, бэлэн мөнгийг нь дээрэмдэн авч оджээ. Цагдаа нарын үзэж байгаагаар, сэжигтнүүдийн ард тус хотын томоохон гэмт бүлэглэлийн гишүүн Матугама Шан гэгч байгаа аж. Тэднийг шүүх хурал энэ сарын 12-нд болсон юм. Гэмт этгээдүүд хохирогчоос гурван төрлийн үнэт чулуу, автомашин, 720 ам.доллартай тэнцэх бэлэн мөнгө, 10 мянган ам.долларын мөнгөний чек зэргийг дээрэмдсэн ба нийт хохирлын хэмжээ 93 мянган ам.доллар болжээ.