Тэр бусдыг бодвол маш их тэвчээртэй хүн юм. Өнгөрсөн хугацаанд хаан байсан түүнтэй шадарлаж явсан нөхөд нь яаж хаяж, ганцаардуулж байсан хийгээд халааг нь авсан Ерөнхийлөгч ял тулгаж, шоронд хийсэнд ч өсөрхөж, гоморхолгүй өдийг хүрч. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хүн танихдаа маруухан гэдэг.
Цагтаа түүнд шадарлаж, тойрон хүрээлж явсан хүмүүс нь ял аваад явангуут нь хувиа бодож, довоо шарлуулахаар одоцгоосон. Хэргийг нь гэрчилсэн, мэдүүлэг өгсөн, хамт яллагдагчаар татагдаж шалгагдаж байсан хүмүүсээс нэг нь ч түүний шүүх хуралд биечлэн оролцоогүйгээс харахад л түүнийг тойрон хүрээлэгчид нь хэн байсан бэ гэдэг нь танигддаг. Тэд хэн нэгний хамгаалалтад орсон, үлдсэн. Намынх нь нэрээр, өөрийнх нь нэр нөлөөгөөд парламентын гишүүн болсон залуухан улстөрч нь хүртэл нүүрээ буруулдаг болсон.
Холын дайснаас ойрын нөхөд илүү халтай гэж үг бий. Ардын намын олигархиудын хагарлын золиосонд Н.Энхбаяр хамгийн түрүүнд өртсөн. Учир мэдэх хүмүүс үүнийг Ц.Элбэгдоржийн явуулга гэж харддаг, тэгж хардах үндэслэл ч бий. Нэгэн цагт түүнийг тойрон бүжиж, бүчиж байсан улстөрчдийн ааш аяг хачин ихээр өөрчлөгдөж, одоо түүнд хаяглагдах үнэнч албатын тоо харьцангуй цөөрсөн нь үнэн. Сүр дуулиантай баривчлагдаж байхад нь ч, шоронд явахад нь ч, бие нь тааруу Солонгост эмчлүүлж байхад нь ч хэн ч “мэдсэнгүй”, тоосонгүй.
Гэвч түүний цаг дуусаагүй бололтой. Дуусгахгүй гэдгээ ч илэрхийлж байна. Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөнө, шударга бус хууль шүүхийнхэнтэй нэгийгээ үзнэ гэнэ. Ерөнхийлөгч асан хүн, төрийн гурван “өндөрлөг” рүү шат бүрээр нь зүтгэж хүрсэн хүний хувьд Н.Энхбаярын үг жинтэй сонсогдож байна. Магадгүй тэр санасандаа хүрч, Монголын улстөрд дахин хөл тавьж гэмээнэ нөхөд олширч мэднэ.
Харин хүнээ л сайн таниарай гэж зөвлөх үлдэж байна. Хуулийг эрх бүхий субъект л тайлбарлана. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийхээ хувьд хууль яаж үйлчлэх, хуулийг хэн дагах, хуульд хэрхэн захирагдахыг тэр хамгийн сайн мэдэж, тайлбарлах ёстой. Тиймдээ ч “Цензургүй яриа” нэвтрүүлгийн сэтгүүлчид баараггүй үнэнээ өчсөн гэдэгт найдаж байна. Өчигдөр нэвтрүүлгийн дараа М.Энхболд “Н.Энхбаяр намайг ор үндэслэлгүйгээр гүтгэлээ. Хуулийн байгууллагад хандахаар боллоо” хэмээн жиргэлээ. Үгүй байгаасай. Ерөнхийлөгч асан нь нөгөө Ерөнхийлөгч асныхаа тухай зохиож яриагүй байгаасай. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын дарга, Засгийн газрын гишүүн байсан нэр төрөөрөө андгайлсан ч яах вэ, худлаа яриагүй гэдгээ л нотолчихвол болох нь тэр. Боломжийг ашиглаж, шинэ карьер эхлүүлэх хугацаа тийм ч хол биш байна шүү.
А.Одсүрэн