Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон С.Зориг агсны хэргийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийг улсын үйлдвэрийн газар болгох шийдвэр гаргалаа. Захирлыг нь Засгийн газраас томилно. Харин “Монгол росцветмент”-ын захирлыг Төрийн өмчийн хорооноос томилно. Мөн Вьетнам улстай ялтан шилжүүлэх гэрээг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Тус улсад манай улсын 100 гаруй иргэн амьдардаг” гэв. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийг улсын мэдэлд авахаар бүтэц бүрэлдэхүүн нь өөрчлөгдөнө гэсэн үг үү?
-100 хувийн улсын үйлдвэрийн газар гэхээр захирлыг нь Засгийн газар ТУЗ-ийг нь Төрийн өмчийн хороо томилно.
-“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал юу болсон бэ. Энэ хэргийн талаар хууль зүйн сайдын хувьд мэдээлэл өгөөч?
-УИХ-ын болон Цэцийн шийдвэр гарчихсан. Одоо хэргийг нь шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Маш нарийн шалгах шаардлагатай. Энэ бол зүгээр нэг үйлдвэрийн талыг худалдаад авчихсан асуудал биш. Үүний цаана зах зээлийн нийгэмд гарах гээд байдаг мафи гэдэг зүйл оршин тогтнох уу үгүй юу гэдэгт л хариулт өгөх гээд байгаа юм. Өөрийн талын хүмүүсээ Монголбанк болон Засгийн газар, Сангийн яаманд тавиад, тэр хүмүүс нь эзэддээ үнэнч шийдвэр гаргаж өгнө. Ийм л систем байгаа юм. Жишээ нь, “Юнайтед энержи систем” гээд компани байгаа. 2011 онд ганц хүнтэй байгуулагдсан юм билээ. 2016 он хүртэл 4-5 жил хэвтэж байгаад “Эрдэнэт”-ийн худалдан авалт болох үед 70 сая ам.долларыг “Монголын Зэс” гэдэг компанид шилжүүлсэн. Энэ бол Худалдаа хөгжлийн банкнаас авсан мөнгө шүү дээ. Худалдаа хөгжлийн банк яагаад энэ мөнгийг таллаж гаргасан бэ гэхээр дүрмийн сангийнхаа 20-иос дээш хувиар зээл гаргаж болдоггүй хуультай. Худалдаа хөгжлийн банк 780 сая төгрөгийн дүрмийн сантай байсан. Хууль зөрчих гээд байхаар нь өнөөх хэдэн жижиг компаниудаа гаргаад, маргааш нь Пүрэвтүвшинд мөнгө өгөөд, нөгөөдөр нь шилжүүлчихсэн л санхүүгийн луйвар юм. Тэр “Юнайтед энержи систем” гэдэг компанийн дэд захирал нь шүүгч М.Батсуурийн аав Мишиг гэж хүн байгаа. Энэ бол систем юм.
Үүнийг яриулахгүй байхын тулд хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ хийчихсэн байгааг би мэднэ. Одоо ч хийж байгаа. Энэ бол улсаас гарсан мөнгө. Хар төмөрлөгийн үйлдвэртэй 30 жилийн гэрээ хийсэн. Энэ гэрээ нь үйлдвэрийг бариад 30 жил ашгаа олоод, буцаагаад улсад өгдөг. Ингээд 2016-хоёрдугаар сарын 28-нд 90 сая ам.доллар буцааж өгсөн юм. Засгийн газраар оруулж, гэрээг нь өөрчлүүлээд л явдаг. Энэ бол маш ноцтой асуудал. УИХ, Засгийн газрыг мөнгөөр байгуулчихаад, хүссэн болгоноо хийдэг болох ийм л ноцтой асуудал байгаа юм. Нэг төгрөг зарцуулчихаад 100 төгрөг хулгайлдаг тогтолцоо байх уу гэдэг асуудал. Би бол байхгүй гэж үзэж байгаа. УИХ болон цэц шийдвэрээ гаргачихсан.
Шүүх будилуулаад байгаа шалтгаан бол Худалдаа хөгжлийн банкнаас захиалгаар тоилогдсон шүүгчид эздийнхээ төлөө захиалгаар шийдвэр гаргаж байгаа. Хамгийн сүүлд баривчилгаа болоход Сүхбаатар дүүргийн шүүг н.Идэр гэх хүн баривчлахгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэр хүн 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа хүний хүүхэд. Шүүх цагаандаа гарсан гэдгийг би олон удаа хэлж байгаа. Би баримтгүй юм ярьдаггүй хүн. Сонссон юмаа биш, баримтаар баталсан зүйлийг ярьдаг.
Энэ луйврын асуудалд харин ч зөөлөн аргаар хандсан. Улсаас 400 сая ам.доллароос илүү мөнгө гарсан. Монголбанк худалдан авалт явагдсаны дараа ганцхан өдрийн дотор энэ бүлэглэлд 160 тэрбум төгрөг өгсөн. Монголбанк мөнгө зээлдэг газар биш. Хуулиндаа Засгийн газар болон банкинд зээл өгнө гэж бичсэн байдаг. Энэ асуудлын учир олдох байх. Ард түмэн та нарыг ялна гэдгийг би учиртай хэлсэн. Ард түмэн сэрж байгаад би сэтгэл хангалуун байгаа.
Сэтгүүлч нар ч гэсэн ялгаагүй. Худалдаа хөгжлийн банкийг зарвал үүнийг дагаад Монголын баялаг, нутаг байхгүй болчих гээд байгаа юм. Зөвхөн “Монголросцветмент” л гэхэд 35 лиценз байгаа. Асгатын мөнгөний ордоос бор өндөр хүртэлх. Дахиад энэ хоёр банкны барьцаанд 37 лиценз байгаа. Монголын бүх өөдтэй, өнгөтэй бүхнийг тэд авчихсан. 10 жилийн гэрээ байгуулаад хугацаа нь яагаа ч үгүй байхад хоёр, гурван компани луйвар хийгээд авчихсан. Дарханы төмөрлөг, Эрдэнэт, Дархан Сэлэнгийг тойрсон бүх нутаг байхгүй. Төмөр толгойн ордын асуудлаар Монгол Улс гадны компанитай маргалдаж байхад, Монгол Улсыг хожигдуулах луйвар хүртэл явуулсан.
Тэр үед манай яаманд газрын дарга байсан н.Зоригт гэж хүн туйлын ноцтой асуудал ярьсан. Ерөнхий сайд нь бичиг гаргаж өг гэж шахаад, тагнуулын газрын дарга наад материалаа гаргаж өгөхгүй бол эх орноосоо урвасан хэрэгт холбогдов гэж айлгаад, хүргэн ах нь ялагдах материалыг шүүхэд өг гэж шахаж байсан талаар ярьсан. “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаанд тавьсан юм угаасаа байхгүй. Баталгаа гаргаад, сүүлд нь баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн. Хамгийн сонирхолтой нь үндсэн баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Төмөртийн ордын маргаанд гэнэт ХХБ-ны хоёр хүн шүүх хуралд оролцож, ялагдах материал авах хуйвалдааныг зохион байгуулсан. Би та нарт ганцхан зүйл уриалах гэсэн юм. Эх орноо бодоорой. Тусгаар тогтнол ийм замаар алдагдах ёсгүй. Хоёр гуравхан айлын хулгайлж авсан хөрөнгөөр Монгол Улс зарагдах ёсгүй.
-ЭЦГ-аас ямар ажиллагаа явуулсан юм бэ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн галлерейгаас Их тэнгэрийн амнаас алдагдсан зураг олдсон гэх мэдээлэл байна. Тэндээс хэчнээн зураг алдагдсан юм бэ?
-Прокурорын зөвшөөрөлтэй тийм ажиллагаа явуулсан юм билээ. Зургийг нь хурааж авсан гэсэн.
-С.Зоригийн хэрэг задарч байна гэх мэдээлэл байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор дөрвөн хүнийг хориод байгаа гэсэн?
-С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотойгоор эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан нь үнэн. 1937 оны бүх аргыг хэрэглэсэн. Тэр үед би ярьж байсан. Айлын хашаанд нас барсан хүний цогцос аваачаад хаячихсан байхаар нь ил ийм юм хийж байгаа юм чинь далд юу хийх вэ гэдгийг би мэргэжлийн хүний хувьд хэлж байсан. Энэ асуудлыг аюулгүйн зөвлөл сонсох байх. Мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа. Хоёр тагнуулын ажилтанг цагдан хорьсон. Үүнээс гадна, энэ бүх үйл ажиллагаанд оролцсон бас нэг хүнийг хорьсон. Би сайдын ажлаа буцааж авангуут нэг хүнийг халсан. Ахлах дэслэгч цолтой тагнуулын хүн яагаад шийдвэр гүйцэтгэлд хурандаа болчихсон байдаг билээ гээд халсан. Одоо хоригдож байгаа гэх энэ хүн бол миний халсан хүн.
Энэ асуудлыг аюулгүйн зөвлөл сонсох байх. Монголд үеийн үед дахиж ийм зүйл гарах боломжгүй болтол арга хэмжээ авах ёстой. Би энэ хэрэгтэй холбоотойгоор 25 жилийн ял авсан хоёр ялтантай очиж уулзсан. Хоёулаа 40 гаруй насны хүн байна билээ. Хийгээгүй хэрэгтээ хилсээр шийтгүүлж байгаа. Шоронд 20-25 жилийн ял авсан өдий насны хүмүүс тэснэ гэж байдаггүй юм. Тэднийг өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хүмүүсийг суллатал эмнэлэгт байлгана. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувь би тэр хоёр хүний ар гэрээс уучлалт гуйж байна. Би амьдралдаа уучлалт гуйж үзээгүй хүн шүү. Одоо уучлалт гуйж байна.
Аймшигтай аргуудыг хэрэглэсэн. 1937 он сэргэснийг нүдээрээ үзлээ. Ийм зүйл хийдэг хүн байдаг юм байна. Энэ хэргийн араас би тултал нь явна. Дахиж Монголын хуульчид ийм аймшигтай эрүүдэн шүүх ажиллагаа явуулж, хилсээр хэрэг үүрүүлдэг байдлыг таслан зогсоохын тулд би системийн чанартай өөрчлөлт хийх шаардлагатай байна. Би 1970-аад оноос хойш Монгол Улсад гарч байсан хэргүүдийг мэднэ. Би ийм аймшигтай юм сонсоогүй. Үүнийг гадарлаад би хэд хэдэн удаа хэрэг үүсгэж байсан. Өмгөөлөгчдийг айхтар шахаж, хавчиж байсан. Тэмдэглэлийг нь хүртэл улсын нууцад хурааж авч байсан. Хүүхдийг нь хар тамхины хэрэгт хилсээр холбогдуулж, байцааж хүртэл дарамталж байсан.
-Захиалагчийг нь олох боломж хэр байгаа бол?
-Захиалагчийг нь олох биш бүр будилуулчихсан юм билээ. Ер нь бол тодорхой хүн рүү чиглүүлээд, нэрийг нь хүртэл хэлж байсан юм билээ. Гэтэл тэр худлаа ярьдаг ялтаныг хоёр хүнтэй шийтгээд, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүсийг нь гаргаад хаячихсан. Гэхдээ тэр бол захиалагч гэсэн үг биш шүү. Зориуд зохион байгуулсан зүйл. Ядарсан иргэдэд зэм халдаах байдлаар хэргийг хаах зорилго л байсан юм билээ.