ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Армийн хамба”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЗХЖШ-ын даргаар томилогдсон хошууч, генерал А.Ганбат үүрэгт ажлаа хүлээж авлаа. Энэ үед түүнийг “армийн хамба” гэж тодорхойлвол илүү ономоор санагдах. Учир нь одоогоос есөн жилийн өмнө ажлаа хүлээлгэж өгөхдөө тэрбээр армидаа хэрэгтэй үед нь эргээд ирнэ хэмээн захидал үлдээж байсан гэдэг.

Тэгвэл хэлсэн ёсоороо тэр армидаа ирлээ. Яг л Итгэлт хамба шиг. Зэвсэгт хүчний салбарт ар араасаа цуврах таагүй үйл явдлуудад цэг тавьж, эрэмдэг биш эр хүн болгодог цэрэг армийг цогцлоохоор үнэхээр хэрэгтэй үед нь ирж байна гэж монголчууд билгэшээж байна. 17-хон настайгаасаа цэргийн амьдралд хөл тавьсан тэрбээр энэ салбартаа тасралтгүй 31 жил ажилласан туршлага зузаан нэгэн аж.

Цэргээс нь даргыг нь хүртэл цэргийн амьдралаар амьдарсан хүний хувьд энэ салбарын жаргал зовлонг юунаас ч илүү мэдэх хүн мөн гэж олон түмэн итгэж байгаа юм. Энэхүү томилгоотой холбогдуулан түүнийг Ерөнхийлөгчийн цэргийн бодлогыг дэмжигч гэж тодорхойлох хүн ч цөөнгүй байна. Учир нь тэрбээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн цэргийн албан хаагчдыг бүтээн байгуулалтад оролцуулах хэрэгтэй гэх саналыг 100 хувь дэмжиж, энэ нь албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа явдал огт биш хэмээн мэдэгдэж байсан юм. Тийм ч учраас тэр үү Ерөнхийлөгч үйл ажиллагааг нь дэмждэг түүнийг зэвсэгт хүчний салбарт буцааж авч ирэхээр шийдсэн бололтой.

Тэрбээр ЗХЖШ-ын дэд даргаар ажиллаж байгаад 2010 онд чөлөөлөгдөж, бэлтгэл хошууч, генерал болсон аж. Харин албан тушаалаасаа чөлөөлөгдөх үедээ тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржид хандан захидал бичжээ. Захидалдаа “Сүүлийн хоёр жилийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэхэд байнгын дарамт шахалттай байлаа. 2009 онд зэвсэгт хүчинд гарсан бүх хэрэг зөрчлийг ганцхан надтай холбож, Батлан хамгаалахын сайдын тушаалаар шийтгэж байсан бөгөөд эцэст нь албан тушаалаас чөлөөллөө. Эх орондоо, армидаа хэрэгцээтэй цагт өргөсөн тангарагтаа үнэнч байж зэвсэгт хүчиндээ эргэн ирж үүрэг гүйцэтгэхэд би бэлэн байна” гэсэн байж. Тэрбээр үнэхээр зэвсэгт хүчиндээ хэрэгтэй үед нь эргэж ирлээ гэж билгэшээх хүн олон байна. Тэр хэлсэндээ хүрлээ. Одоо харин олны итгэлийг даах л үлдлээ.