Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шүүхэд өгчээ. Ингэхдээ өөрийг нь “Шинэчлэлийн” Засгийн газраа огцруулаад өгөөч гэж өргөдөл өгсөн хэмээн зарласан Ц.Элбэгдоржоос тэрбум төгрөг нэхэмжилсэн байх юм. Энэ мөнгийг шударга бусын хонгилыг нураахад зарцуулна гэдгээ ч мэдэгдлээ. Тэр үнэхээр шударга нийгмийн төлөө шударга бусынхантай нэгийгээ үзэхээр шийдэв үү. Ц.Элбэгдорж ба түүнийг тойрсон булхайг илчлэхээр замдаа гарах нь энэ үү.
Шударга бусын хонгил гэж бий гэдгийг зоригтойгоор анхлан зарласан хүн бол Н.Алтанхуяг гэдэгт хэн ч маргахгүй. Үүнийхээ төлөөсийг ч амсаж мөнөөх хонгилыг өөрийн биеэр туулж, мэдэрсэн хүн. Өөрийн биеэр туулаад ирсэн хүний хувьд үнэхээр МАНАН-г “дэлбэлэхээр” зориг шулуудсан бол сайн л хэрэг. Одоогоос хэдхэн хоногийн өмнө МАНАН бүлэглэлтэй тэмцэж, шударга бусыг ил болгохын төлөө Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаасаа татгалзлаа гэж мэдэгдсэн. Түүний энэ шийдвэрийг монголчууд итгэл найдвараар угтан авсан.
Тийм ч учраас үнэний төлөө шударгаар тэмцэх хүн нэгээр нэмэгдлээ гэж горьдох хүн олон байгаа юм. Гагцхүү зөвлөхийн ажлаасаа татгалзсан нь ч, экс Ерөнхийлөгчтэйгөө шүүхдсэн нь ч ирэх оны сонгуульд зориулсан шоу байх вий гэж эргэлзэх хүн цөөнгүй байна. Үнэхээр шударга бусынхантай нэгийгээ үзэж, нэхий дээлээ ханзлахаар шийдсэн бол олны эргэлзээг тасал, экс Ерөнхий сайд аа. Үгээр биш, үр дүнгээр үүнийгээ нотол. Үнэхээр шударгын хаант улсыг цоглооё гэж байгаа бол түүнээ харуулмаар байна. Түмэн олон чих тавин хүлээж байна.
Та бол улс төрийн талбайд, болц гүйцсэн тариа. Туршлага, байр суурь, намба гээд энэ тэмцэлд “үзье” байгаа бол танд аль нь ч дутахгүй. Улс төрийн тогоонд олон жил чанагдаж, өөрийн дархлаагаа тогтоож чадсан “том”-чуудын нэгэнд зүй ёсоор багтах учиртай юм. Тийм ч учраас өөрийгөө харуулж, түмний эргэлзээг таслаарай.