УИХ дахь МАН-ын бүлэг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Д.Оюунхорол гишүүнийг нэр дэвшүүлжээ. Тэрбээр байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч дарга болох эхний шатаар алхлаа. УИХ-д дөрвөн удаа сууж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж явсан түүний хувьд энэ бол шинэ суудал биш.
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар 2008 - 2009 онд ажиллаж байсан. Мөн түүнийг боловсролын салбартай салшгүй холбоотой явж ирсэн гэж хэлж болно. Математикийн багш мэргэжил эзэмшсэнээс хойш нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1991 онд “Отгонтэнгэр” дээд сургуулийг байгуулж, өнөөдрийг хүртэл авч яваа нэгэн.
Монголын дээд боловсролын системд анхных гэж хэлж болох хувийн дээд сургуулийг байгуулан амжилттай ажиллуулж, олон мянган дээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргахад хувь нэмрээ оруулж яваа хүн. Тэгэхээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол энэ салбарт “таг харанхуй” хүн биш гэдэг нь туулж ирсэн он цагийн хэлхээс гэрчилж байна. Байнгын хорооны дэмжлэгийг авч чадсан УИХ-ын эрхэм гишүүн маань “нэг ангийнхан”-ныхаа дэмжлэгийг авч дарга болоход ганцхан шат үлдлээ.