Дархан хотын нэгэн гайхамшигтай уран бүтээлч бүсгүйг уншигч тантай энэ өдөр уулзуулахыг хүслээ. Түүнийг М.Наранчимэг гэдэг. Тэр дуучин, эсвэл яруу найрагч биш. Загвар дизайны мэргэжилтэн биш. Харин баярын ширээний хамгийн чухал амттан болох бялуу урлалыг урлаг болгон хөгжүүлж, энэ төрлөөр эх орныхоо нэрийг өндөр өргөж яваа бүтээлч бүсгүй юм. Тэрбээр, 2010 оноос анхлан бялуу урлаж эхэлжээ.
Дархан хотод нөхөр хүүхдийн хамт амьдарч, ажиллаж явна. Тэрбээр, АНУ-д болсон ICES буюу “International cake exploration societe” гэх 40 дэх удаагийн уулзалт, шоунд эх орноо төлөөлөн оролцож, гуравдугаар байр эзэлж байсан бол энэ удаа Англи улсад болсон олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлж, Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж чадав. Олон улсын 62 орны амттан урлаачид оролцсон тус тэмцээнд “GATSBY” сэдэвт уралдааны “SWEET EASY” төрөлд оролцож, амжилт гаргасан нь тэр юм. Түүний бялуу тун ч өвөрмөц. Үндэсний хэв шинжийг агуулсан бөгөөд бялуугаа урлахын өмнө маш их бодож, бясалгадаг аж. Хэний ч санаанд багтамгүй гайхалтай бүтээлийг тэр л зөвхөн бүтээж чаддаг.
Тэнгэрт одсон тогооч мэргэжилтэй ээжийнхээ дурсгалыг хүндэтгэж, “Саран” гэх нэрээр бялуугаа нэрлэжээ. Түүний бүтээлтэй танилцаж, хамгийн чанартай бүтээгдэхүүнээр хийсэн амтат бялууг нь амтлахыг хүсвэл уншигч та “sarancake.mn” хаягаар зочлоорой. Энгийнээс энгийн амьдарч, ажиллаж, эзэмшсэн мэргэжлээрээ эх орныхоо нэрийг дуурсгаж яваа эгэл бүсгүй танд уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсье. Бүтээл бүхэндээ сэтгэлээ шингээж, олон хүний аз жаргалтай амьдралын гэрч болох болтугай.