“Би”-гээр өвчилсөн хүн ховордсон энэ цагт шинэ “Би” тодорлоо. “Би”-г хаан байхад Монголд шударга бусын хонгил үүсч, энэ хонгилоор хэд хэдэн хүнийг гудчин чирч, оруулаад гаргасан нь үнэн. “Би”-гийн дайралтад өртөгсөд өнөөдөр үгээ хэлж, үсээ зулгааж байна. “Би” их мундаг хүн. Ямар ч мундаг лектор ганцхан минутад 84 удаа “би” гэдэг үгийг хэлж чадахгүй. Харин “би” чадсан. Үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг шиг үнэн нь илчлэгдэхийн цагт тэр харин чадчихлаа. Гайхамшиг үргэлжилсээр. Хэрвээ хүн “би” л гээд байвал галзуурахад ганц хуруу дутуугийн шинж, “би”-гээр өвчилсөн хүнд хэзээ ч үнэн байдаггүй гэдэг. Итгэж эхэлж байна.
Монгол Улсыг найман жил удирдаж, хоёронтоо улирч төрийн тэргүүн гэгдсэн Ц.Элбэгдоржид нэг тийм авах чанар байна санж. Тэр нь “би” бүхнийг ингэж тэгж хэлсэн, чадсан гэдэгтээ “мангар” итгэлтэйгээр, янз бүрийн эмоциор хэлж чаддаг чанар. Хэлнэ гэдэг нэг хэрэг, хийнэ гэдэг өөр хэрэг. Энэ их итгэл, эмоци нь үнэн юм байна. Монгол Улсад цаазын ялыг хориглож жүжиглэхтэйгээ зэрэгцээд эрүүдэн шүүх, яргалал тамлалыг дохиурдаж байсан юм байна гэдэгт нь эргэлзэхгүйгээр итгэж эхэлж байна. Ардын нам, Ардчилсан намын зарим нэг олигархиудаас бүрдсэн мафийн толгойлогч, загалмайлсан эцэг нь тэр яах аргагүй мөн юм байна. УИХ-ын гишүүд хүртэл түүний “яргаллыг” нүдээр үзээд, нүдэндээ нулимстай, хоолойдоо тээглүүртэй гарч ирцгээхийг та ч харлаа, би ч харлаа.
Ц.Элбэгдорж үнэнд гүйцэгдэж байна. Одоо түүнийг өмөөрөгсөд юу гэхийг харъя. Өчигдрөөс түүнийг магтагсад Ц.Нямдорж руу нулимаад эхэлчихэж. Хожуу ч гэсэн үнэнийг илчилснийх нь төлөө шүү дээ. Хаан байхдаа өмнөх хаанаа “цаазын тавцанд” аваачсан “Би” маргааш яах бол гэдгээ төсөөлөөгүй гэж бодохгүй байна. “Би”-гийн төлөөний хүмүүс болох шүүх, прокурорын удирдлагууд яаран сандран түүнтэй уулзаж, өмгөөлөл хамгаалал хүссэн гэх. Хэрвээ тэр жинхэнэ “Би” мөн л юм бол “Би цэг” гэдгээ харуулах л болж дээ. Гэвч галт тэрэг нэгэнт хөдөлчихлөө. Амжихгүй л болов уу.
А.Одсүрэн