Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа буюу 2013 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн зарлигаараа Ганбатын Эрдэнэбат гэх залууг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөхөөр томилж, зарлигийг нь Ерөнхий прокуророор тухайн үед ажиллаж байсан Д.Дорлигжав уншиж танилцуулсан байдаг.
Энэ залуу ингэж томрохоосоо өмнө УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналт хариуцсан даргаар ажиллаж байв. Өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал, С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн зохиомол яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн явдал, хууль цаазын учир мэдэх хүмүүсийн бухимдал 2013 оноос эхтэй гэдэг нь үнэний ортой байж мэднэ.
Хуулийн салбарыг хэдэнтээ толгойлсон хашир бурхи ч үүнийг сүүлийн хэдэн жил ил далд, эш мухаргүйгээр тайлбарлаад яваад байсныг хэн ч анзаараагүй болж таарлаа. Энэ хэргийг илрүүлчихлээ, хэрэгтнүүдийг барьчихлаа, шүүх хурал нь болчихлоо, гэмтнүүдийг яллачихлаа гэдэг нь зохиомол гэдгийг анхааруулаад байсан хэрэг. Энэ яриа үнэн болох нь батлагдаж, гэмгүй хоёр хүнийг эрүүдэн шүүж, тамлан зовоож хэрэг хүлээлгэх гэж оролдож байсныг баримтаар олон нийтэд дэлгэлээ.
Энэ бүх хэргийн цаана Г.Эрдэнэбат прокурор, Б.Хурц чекист хоёр байгаа гэж сайд Ц.Нямдорж барин тавин хэлэв. Г.Эрдэнэбат энэ бүх юмны үзүүрээс атгаж байгаа, нэг ёсондоо олсны нэг үзүүр нь тэр, нөгөө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гэж тэнэг хүн ч ойлгохоор боллоо. Г.Эрдэнэбат одоогоос жилийн өмнөөс хэвлэлд энэ хэргийн талаар ярьж, дугарч эхэлсэн. “Өмгөөлөгч” нь суудлаасаа нэгэнт буусан тул “олсны үзүүр” чичирхийлж эхэлсэн нь тэр байж. Тэр ярилцлагаараа “Нууц мөрдөн шалгаж байгаа хүнийг хуулийнхан бид айлгаагүй, хэргийн холбогдогч нар Чимгээгээ айлгах гэж хашаанд нь цогцос хаясан байх...
Энэ хэргийг цааш нь явуулмааргүй, үргэлжлүүлэн шалгуулмааргүй байгаа өндөр зохион байгуулалттай, маш холоос захиалгатай, их хүчтэй сонирхлын бүлэглэл байгаа нь мэдрэгдэж байна” гэж ярьж байсан нь нэгийг хэлээд байсан байгаа биз. Хэрэв түүний энэ үгнүүдийг тухайн үед нь “юм болгож” чадсан бол, авч үзсэн, анхаарсан бол өнөөдрийн энэ үйл явц ноднингоос эхлэх байж. С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч “Олсны үзүүр” Г.Эрдэнэбатаас өчиг мэдүүлийг нь авч чадвал 21 жил бэдэрч байгаа “улстөрийн захиалгат” хэргийн эзэн тодорч, олсны нөгөө үзүүр ч баригдах биз ээ. Цахиур Төмөр “олсны үзүүрээс атгасан хүн тавихгүйг л хичээнэ дээ” гэдэг шиг.