Шинэ цагийн хэлмэгдүүлэлт, эрүү шүүлт, яргаллын хамгийн тод томруун жишээ бол Д.Энхбат агсан. Түүнийг Ардчиллын “Алтан хараацай”, төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн, Францаас хулгайлж авчирсан байдаг. Улмаар харгис хэрцгийгээр эрүүдэн шүүж, эцэст улсын нууц задруулсан ял тулгаж, шоронд хорьсон. Мөн түүнийг өмгөөлж байсан өмгөөлөгч Л.Санжаасүрэн ч хэлмэгдэж, эрхээ хасуулж явсан. Тэгвэл өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн Д.Энхбат агсаны хэрэг, түүнийг хэрхэн хэлмэгдүүлж байсан талаар хэвлэлд өгсөн ярилцлагуудаас эргэн сануулж байна.
“Надад оноосон 1.6 жилийн хорих ялын есөн сарыг нь эдэлсэн”
-Өмгөөлөгчийнхөө эрхийг сэргээлгэх талаар хөөцөлдөж яваагүй л дээ. 2004 онд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өмгөөлсөн асуудлаа шалгуулах хүсэлт тавьсан. Тагнуулын газрын удирдлагын үйл ажиллагаа, цагдаагийн удирдлагын үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тэр үед гаргасан. Энэ асуудлыг авч хэлэлцсэн эсэхийг мэдэхгүй. Надад хариу өгөөгүй. Ингэж л дууссан. Саяхан УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд өргөдлөө өгсөн. Хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа тухай юм. Өөрөөр хэлбэл, 2003-2004 оны тэр асуудлыг анхааралдаа авч үзэж, миний хөндөгдсөн эрхийг сэргээгээч гэсэн ийм л хүсэлт тавьсан. Одоохондоо хариу ирээгүй л байна. Миний хэргийг цагаатгаагүй. Надад 1.6 жилийн хорих ял оноосон. Энэ ялын есөн сарыг нь эдэлсэн. Үүний дараа ялынхаа 50 хувийг эдэлсэн гээд сулласан. Түүнээс өршөөчихсөн ч юм байхгүй. Суллагдахаас хоёр сарын өмнө буюу зургадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын тусгай шалгагч Ховк гэж хүн ирсэн. Энэ үеэр 4-5 хүн хориход ирж надтай уулзсан.
Миний асуудлыг сонссон тэд суллуулах талаар дээшээ шахалт, шаардлага үзүүлэх гэж байсан. Тэр шугамаар суллагдсан гэж боддог. Харин хууль хяналтынхан хэлэхдээ “Хүний эрхийн байгууллагын ямар ч нөлөөлөл үүнд байхгүй” гэж хэлдэг. Хүний эрхийн байгууллагуудын шахалт яагаад үндэслэлтэй болов гэж үзсэн бэ гэхээр намайг Амгалангийн хорих ангид хоригдож байхад 20 гаруй орноос 300 орчим захидал хүлээж авсан. Тэр захидлууд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өгсөн хүсэлт, шаардлагууд байсан юм. Энэ бүхнээс үндэслээд намайг Олон улсын байгууллагуудын шахалтаар сулласан байх гэж би дотроо боддог. Хорих байгууллагад байхад шахалт, дарамт үзүүлэх явдал ерөөсөө байгаагүй. Яагаад гэхээр өмнө нь би хорих байгууллагыг удирдаж байсан хүн учраас тэд бүхнийг хуулийн хүрээнд хийж байсан. Дарга байсан гээд илүү авч үзээгүй. Улс төрийн хоригдол гээд хүндрэл учруулаагүй. Монгол Улсын хууль яаж хүнд үйлчлэх ёстой вэ. Тэр журмаар л үйлчилсэн. Тийм ч учраас ялынхаа тавин хувийг эдэлсний дараа шүүх хэлэлцэж, үлдсэн ялыг тэнсэн болгож болно гэсэн заалт бий. Тэр дагуу л яг есөн сар болгоод намайг гаргасан.
Эх сурвалж: news.mn сайт. 2010.11.11
“Эрүүл хүнийг хордуулсан байж таарах нь ээ дээ”
-НҮБ болон Монголын хуульд хүнийг эрүүдэн шүүж байцаахыг хориглосон байгаа. Д.Энхбатыг бууны бөгсөөр цохиж унагасан, хурц гэрлээр шарсан, зодсон, нүдсэн бүхэн хууль бус ажиллагаанд орно. Д.Энхбатыг 2003 оны тавдугаар сарын 15-ны өдөр Францаас баривчилсан. Тавдугаар сарын 18-ны өдөр Берлинээс наашаа авчирсан. Гэтэл Д.Энхбат тавдугаар сарын 18-наас 25-ныг хүртэл хаана байсан гэдэг нь мэдэгддэггүй. ЭЦГ-ын даргын гаргасан бичигт Д.Энхбатыг Францаас Интерполын шугамаар 2003 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монголд авчирсан гэдэг. МИАТ болохоор тавдугаар сарын 18-нд онгоцоор ирсэн гэдэг. Хилийн цэргийн гаргасан бичгээр бол тавдугаар сарын 18-ны өдрийн бүртгэлд Дамирангийн Энхбат гэсэн нэр байхгүй гэдэг юм. Гэтэл Тагнуулын ерөнхий газар Д.Энхбатыг зодож нүдэж гарын үсэг албадлагаар зуруулсан гэх ажиллагаагаа 2003 оны тавдугаар сарын 24-ний өдөр болсон гэх.
Тэгэхээр энэ бүх цаг хугацаа зөрчилдөж байгаа биз. Энэ хугацаанд Д.Энхбат хаана байсан юм бэ. Хэрвээ Монголын хууль хяналтын байгууллагын гадуур нууцаар байсан бол бас л хууль зөрчсөн ажиллагаа. Д.Энхбатыг ял завшиж хуурамч бичиг баримтаар гадагшаа гарсан гэж буруутган үздэг. Үүнийг үнэн гэж саная. Тэгсэн мөртлөө Д.Энхбатыг сүүлд Монголд авчрахдаа хуурамч бичиг баримт ашиглаж авчирсан байх магадлал өндөр байгааг бид мэднэ. Тэгэхээр хууль иргэнд хамаардаг мөртлөө төрийн байгууллагынхан хуурамч бичиг баримтаар хилээр хүн нааш цааш нь зөөхөд нь яагаад ижил тэгш үйлчилдэггүй юм бэ. 2003 оны тавдугаар сарын 15-ны өдөр эрүүл саруул биетэй баригдсан бол зургадугаар сарын 14 хавьцаа буюу намайг өмгөөлж эхлэх үед яагаад бие нь асар их дордсон байдаг юм бэ. Тэгэхээр тэр хооронд эрүүл хүнийг хордуулсан байж таарах нь ээ дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин 2010 оны аравдугаар сар
“Д.Энхбат 2003 оны тавдугаар сарын 17-25-ны хооронд хаана байсан нь мэдэгддэггүй”
2003 оны тавдугаар сарын 17-25-ны хооронд Д.Энхбатын хаана байсан нь мэдэгддэггүй. Энэ хугацаанд прокурорын хяналтанд байгаагүй. Хорих байгууллагад 25-нд цагдаагийнхан хүлээлгэж өгөөд л хуулийн хамгаалалтанд орсон хүн. Энэ хооронд хаана байсан юм. Тавдугаар сарын 25-нд байцааж байсан гэж тагнуулынхан ярьдаг. Цагдаагийнхан болохоор 25-нд хилээр оруулж ирсэн гэдэг. Д.Энхбат өөрөө болохоор тавдугаар сарын 18-ны онгоцоор ирсэн гэдэг. Онгоцны жагсаалтыг тулгахаар 18-нд Д.Энхбат гэдэг хүн Монголд орж ирээгүй гэдэг. Ийм гурван зөрүү байгаа. Нэг тодорхой зүйл нь энэ хугацаанд Д.Энхбат Монголд байсан нь тодорхой. Гэхдээ Д.Энхбат гэдэг нэрээр нь оруулж ирээгүй байгаа юм. Тиймээс ч ямар нэгэн хууль, эрх зүйн хамгаалалтгүй байсан. Гаалийнхан анзаарахын сайнаар анзаарсан гэж бодож байгаа. Хүлээстэй хүнийг анзаарахгүй бол тэдний хэрэг гэж юу байх вэ. Д.Энхбатын хэлснээр гааль, хилийн шалгалтаар оруулалгүй онгоцноос шууд машинаар аваад явсан гэдэг. Тэгэхээр тэнд юу болж байгаа юм бэ. Бүү мэд. Цэрэг хүн дарга нарын тушаалыг биелүүлэх ёстой гээд л яриад байна л даа. Би ч цэргийн хүн. Цэргийн хүн яах ёстой вэ гэхээр удирдлага хууль бус тушаал өгөхөд “Мэдлээ. “Мэдлээ. Гүйцэтгэе” гээд гараад дээд шатных нь даргад мэдэгдэх ёстой. Дээд шатны дарга биелүүл гэвэл дахиад дээд шатны даргад хандах ёстой. Ийм л юм. Гэтэл хууль мэддэг ажилтнууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн Францын нутаг дээрээс “Хүн хулгайлаад ир” гэхээр “Мэдлээ. Гүйцэтгэе” гээд явна гэдэг орчин үеийн ажилтнуудын хувьд байж боломгүй хэрэг. Ямар 1937 он биш дээ.
Ийм харилцаанд ингэж орсныг гайхаад байна. Энэ талаар үг хэл нь зөрсөн зөндөө л юм бий л дээ. Б.Хурцын хувьд ер нь ойлгомжтой. Хурц нь байна уу, хэн нь байна чухал биш. 2003 онд Францын гудамжинд явж байсан хүнийг цустай нь хутгаад хулгайлаад явсан хүмүүсийг бидэн шиг мэдэхгүй гэхийн биш. Өчнөөн хөгжчихсөн, судалгаа хийсэн газар. Гэтэл одоо “Хэн илчлэв” гээд байгаа нь үнэндээ чухал асуудал биш. Ингэж ярьж байгаа нь гэмт хэрэг хийсэн учраас хэргийн бүрэлдэхүүнээ нуун далдлах гэсэн асуудал. Сэдсэн, санаачилсан, гүйцэтгэсэн, хамжсан, нуун далдалсан таваас зургаан сүбьект бий. Энэ хэргийг нуун дарагдуулсан нь өөрөө гэмт хэрэг. Манай хуульд бий. Энэ асуудлыг өөр орчинд, өөр нөхцөлд хийнэ л дээ. Түүнээс хэвлэлээр хэрэлдэнэ гэж байхгүй. Д.Энхбатыг хулгайлсан хүмүүс онгоц аваад л Сонгины бургас руу явж байгаа юм шиг яваагүй. Бэлтгэл, зардал гээд зөндөө юм байгаа. Тэгээд очсон чинь дипломатууд нь дагаж давхиад л байдаг. Ингэхээр бүгд сөхөгдөнө. Хэрвээ Монгол Улс буруу гэж үзвэл уучлалт гуйх байх. Хэрэв зөв гээд “Бид хүн хулгайлах эрхтэй” гэвэл асуудлаа тайлбарлах л байх. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрсөний тэмдэг гэж Монгол үг бий. Харин дипломат ёс яадгийг би мэдэхгүй юм. Ямар нэгэн үйлдэл хийх байх л даа.
Эх сурвалж: news.mn сайт. 2010.11.11