ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Чадраабал: Хүний ажлыг чанартай хийсэн байхад дараагийн захиалга заавал ирдэг

Ц.ЭНХТҮВШИН
2019-04-03

“Хөлсний амт” буландаа энэ удаа Нинжчамбын Чадраабал хэмээх эрхмийг урьж, ярилцлаа

-Манай сонины уншигч­дад өөрийгөө танил­цуулаач. Мужааны мэргэж­лийг хаанаа эзэмшсэн бэ?

-Би эгэл жирийн л нэг мужаан  хүн. Миний уугуул нутаг Өвөрхангай аймгийн Хужирт сум. Тэр л сайхан газар оронд төрж,  өсч хүн болоод 1992 оноос хотод шилжиж суурьшсан. Одоо ч бараг л 30 жил болох гэж байна. Манайхан миний мэдэхийн гурван үеэрээ мужаан байсан. Миний өвөө Бат-Очир гэж сүрхий мужаан байлаа. Нутгийн хөгшчүүд “бахираа” Бат-Очир гэхээр андахгүй. Аав минь бас мужаан. Бас дарх ч хийнэ. Хужиртын барилга анги гэж байлаа.Тэрний толгой гагнуурчин байсан юм. Миний аав чинь нүдний, гарын уртай, дээр нь ухааны уртай лут хүн байсан. Тэднээс минь цусаар нь дамжсан юм надад жаахан ирж дээ. Би багадаа бие сул хүүхэд байсан. Өвдөөд олигтой ч сургууль соёлд сурч чадаагүй. Гуравдугаар анги төгсөөд л сургуулиас гарсан. Удмын жаахан юм, дээрээс нь миний бас чамлахааргүй хүчин зүтгэл хоёр нийлээд өнөөдөр ямар ч байсан хүнээс гуйхгүй амьдралаа аваад яваад л байна даа. Амьдралын их сургуульд гайгүй сайн суралцаж л байна. Мөн их сурах зүйлтэй “их сургууль” юм даа. 

-Таны хийсэн эмээлийн суурь мод их хөөрхөн юм. Нууц биш бол үнэ ханш нь хэр байдаг вэ?

-Нуугаад байх юу байх вэ дээ. Эмээлийн суурийг хэд хэдэн янз хийдэг юм. Зөвхөн токероор зороод хийсэн нь 100 мянгад гарна. Толгой сүүлтэй бас хийдэг. Тэр нь 250 мянган төгрөг. Хүннү гэж нэрлээд байдаг том нь 600 мянган төгрөгөөр гардаг. Надад захиалж хийлгэсэн компани нь 100  юм уу 200-250 мянгыг нэмээд зардаг шиг байна билээ.

-Та голлон юу хийж байна вэ?

-Юу захиална, түүнийг нь л хийнэ дээ. Одоо айлууд бас хуучны юмаа сэргээж бурхан тахилаа их тавьдаг болсон шиг байна. Сүүлийн үед бурхны гуу нэлээд захиалгатай байгаа.

-Тэгвэл бурханы гууны хэмжээ, зарах үнэ ханш нь хэд байдаг вэ?

-Хэмжээ ч янз бүр л дээ. Гэхдээ ихэвчлэн 40х60-тай хэмжээтэйг захиалж байна. Үнэ нь 180 мянган  төгрөг.

-Ажиглаад байхад та бас арслантай авдар урладаг бололтой. Зургаа өөрөө гаргах уу?

-Тийм ээ, захиалагчийн хүссэн бүхнийг хийж өгөх гэж хичээж байна. Арслантай авдар гэхэд  нэг нь 750 мянга, хосоороо бол 1.5 сая төгрөг болдог юм. Зургаа ч гэсэн хэрэглэгчээс санаа оноог нь авна, тэгээд л өөрөө хамаг зүйлээ гаргана. Хүч “дутвал” одоо ч хаа сайгүй л гарын авлага байна шүү дээ. Жишээ нь,  google, facebook  гээд. 

-Та  ном хэр их уншдаг вэ?

-Залуудаа шинэ гарсан ном гаргаадаггүй л уншдаг байж. Одоо ч өдөрт шинээр хэвлэгдэх номын тоо гүйцэгдэхээ байсан. Харин сүүлийн үед утсаа нэлээд маажиж байгаа. 

-Таны бүтээгдэхүүнүүд цэвэр мод голдуу байдаг гээд хүмүүс их таашаадаг гэсэн. Энэ талаараа ярих уу?

-Би ДСП хавтангаар тавилга хийдэггүй. Насжилт, эрүүл ахуй талаасаа тийм таатай эд биш. Болж л өгвөл цэвэр модоор хийхийг хичээж байна. Сүүлийн үед хаа нэг  зиг заг гэдэг модон хавтангаар бас хийж байгаа.

-Материалын олдоц хэр байна. Үнэ ханш нь? 

-Мод, материалаа Хангай зах, 100 айлаас авна. Олдоц сайн, үнэ жаахан өндөр 122х244 хэмжээтэй нэг ширхэг нь 85 мянган төгрөг байдаг юм.

-Мужаан хийхэд ямар мод хамгийн сайн бэ?

-Сийлбэр хийхэд хуш мод их сайн шүү дээ. Тавилганд монгол, хятад зиг заг хавтан орно доо. 

-Захиалга их ирж байна уу. Та хийсэн бүтээг­дэхүүнээ хаагуур бор­луул­даг юм бэ?

-Надад борлуулах цэг гэж байхгүй ээ. Захиалга ер тасардаггүй. Нэг хүний захиалсан зүйлийг сайхан хийгээд өгчихөөр өнөөх маань цааш нь рекламдаад л явчихдаг юм шиг байгаа юм. Ажил тасрахгүй. Хүний итгэл гэдэг их том хариуцлага шүү. Муу юм хийчихвэл яаж тэр хүний нүүрийг эргэж харах билээ. Аав,  ээжээсээ бас тэр сайхан чанарыг нь өвлөж авч дээ гэж боддог . 

-Багажаа хаанаас яаж авч байна?

-Багажийг бага багаар бөөг­нүүлсэн. Харин сийл­бэрийн болоод зарим нэгэн нарийн багажийг өөрөө хийдэг.

-Юугаар?

-Ямар ч дархан мужаан хүмүүс өөрийн багажийг өөрөө л хийдэг. Хутга шөвгөө шаарикны объём, нарийн бүдүүн пүршний гангаар өөрөө хийчихдэг юм. Том жижиг янз бүрийн шаарик байдаг даа,  түүгээр хийнэ. Дотор ган үрлийг нь авч хаяад л дугуйгаар нь хийчихдэг юм. 

-Энэ ажлаас олж буй орлого амьдралд нь хангалттай хүрч байна уу.  Өөр нэмэлт орлого олох боломж хэр байна вэ?

-Би сард 310 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг юм. Энэ хийж буй ажлаараа  500 мянгаас нэг сая төгрөг олдог.  Түүнээсээ ажлын байрны түрээсээ төлнө. Хэрэглэж буй  цахилгааны мөнгөө төлнө. Ямартай ч болоод л байна. Энэ хийж буй ажил минь албан ёсных биш шүү дээ. Гэхдээ албан ёсны бус гээд хайнга хандаж болохгүй. Би өөрөө өөртөө дарга, ажилчин гээд нэгэн байгууллага ямар байдаг вэ,  түүнтэй л адилхан ажилладаг. Хамгийн гол нь ямар ч ажлыг хүний итгэл алдахааргүй чанартай сайн хийхэд л гол анхаарлааа төвлөрүүлэн ажиллаж байна.