ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хувьсгал”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-07

Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилохыг УИХ-ын гишүүд дуу нэгтэйгээр дэмжлээ. Тэд энэ томилгоог үндэсний шударга ёсны хувьсгал гэж дүгнэлээ. Найдлаа. Хуулийн салбар уналтад орсон хүндхэн үед томилогдож байгааг нь дахин дахин санууллаа. Үнэхээр ч тэр хуулийн байгууллагын нэр хүнд газарт унаж, төрдөө итгэх түмний итгэл хоосорсон “цөвүүн цагт” ажлаа хүлээж авлаа.

Эзэндээ биш эгэл арддаа үйлчилдэг хуулийн байгууллагыг бий болгох хүн мөн байгаасай гэж ард түмэн бүлтийтэл харж байна. Нийгэм шударга ёсоор цангаж, хонгил гэгчид төөрсөн энэ цаг үед нүдээ олсон томилгоо хэмээн түмэн олон горьдож сууна. Төрийн ялангуяа хууль хяналтын байгууллагад бугшсан мэргэшсэн хүнийг бус “өөрийнхөө” хүнийг томилдог жишиг үүгээр халагдсан байгаасай гэж олон хүн найдаж байна. Найдлага талаар болохгүй гэдэгт ч итгэж байна.

Улсын Ерөнхий прокурор гэдэг төрт ёс болоод шударга ёсны дээд хэмжүүр гэлцдэг. Тийм ч учраас хуулийн байгууллага уналтад орсон энэ цаг үед ард түмэн таниас их зүйл хүлээж байна. Хүлээлтээсээ дутахааргүй найдлага тавьж байна. Прокурорын байгууллагад 30 жил дунд шатны албан тушаалтнаар ажилласан хүний хувьд эрх мэдэлтнээс илүү иргэн хүндээ илүү ойрхон байх болов уу гэж найдсан хэрэг.

Өндөр дээд албан тушаалтан болох нь гэж сүүлээ сөхөж даналзалгүй, авдаг цалин, амьдардаг байр гээд байгаагаа даруухан тоочиж суух тань түмэнд таалагдлаа. Итгэж болмоор санагдлаа. Гэвч салбарын тань сайдын хэлсэнчлэн томилогдсоныхоо маргаашнаас тэс өөр хүн болчихгүй бол шүү. Томилсон хүндээ биш төрт ёс, өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаарай гэж захисан түшээдийнхээ захиасыг битгий мартаарай, прокурор оо. Их итгэл таныг хүлээж байгаа юм шүү.