ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Уяач прокурорыг “хонгил”-доо үлдээхээр МАН-ынхан зүтгүүлж эхэллээ

А.ОДСҮРЭН
2019-04-08

-МАН-ын бүлгийн хуралдаан прокурорын орлогчид нэр дэвшигчээ хэлэлцэж чадалгүй тарав-

Хонгилынхон санд­ралдаж бай­на. Хууль, шүүх, прокурорт өөрс­дийн хүнээ шургуулах, үлдээх санаархлаа ил тод илэрхийлж эхэллээ. Улсын ерөнхий прокурорын орлогчид нэрийг нь дэвшүүлээд буй Шагдарын Эрдэнэбилэг гэж хэн бэ. Өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс нэрийг нь дэвшүүлсэн М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг хэлэлцэж, эцэслэн шийдэж чадалгүй бүлгийн хурал тарсан аж. Учир нь МАН-ын бүлгийнхэн, ялангуяа “хонгилын” гишүүд нь уяач прокурорыг Улсын ерөнхий прокурорын орлогчид нэрийг нь дэвшүүлнэ гэснээс болж талцсан бололтой юм. 

“Хонгил”-ын прокурор Ш.Эрдэнэбилэг өмнө нь Дорнод аймгийн прокурорт ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхдаа өөрөө спиртийн наймаа хийж, эрх мэдлээ урвуулан ашиглаж байсан нэгэн. 

Түүнчлэн, Булган аймгийн прокурорт ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгоход гол гавьяа байгуулсан, өөрийн туслахтайгаа хувийн дотно харилцаатай байсан талаар жиг жуг гэлцдэг. Зам, тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнийн хүн, уяач Цэрэнбалтавын галын уяач гэдгийг батлах хүн ч байна. Магадгүй М.Энхболдын морийг уядаг байсан ч гэх уншигчийн сэтгэгдэл ч мэдээллийн сайтуудад олон ажээ. 

Одоо Ш.Эрдэнэбилэг нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын орлогчоор ажил­лаж байгаа ч Улсын ерөнхий прокурорын орлогч болохоор зүтгэж буй нь “хонгил”-ынхны “үндсэн хамгаалагч”-аар дэвших гэсэн санаа болов уу. Хонгил нурж байна, хууль шүүх, прокурорынхон шинэчлэгдэж байна, шударга ёс тогтох нь гэсэн олон нийтийн хүлээлтийг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ийнхүү гишгэлэх нь ээ. Ард түмнийг тэнэг гэж боддог нь илт.  Юутай ч Ш.Эрдэнэбилэг УИХ-ын нэр бүхий гишүүдтэй харилцан тохиролцсон гэх явган яриа ч Төрийн ордон хавиас дуулдаж эхэллээ.