ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Дэлхийн тамирчин”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-09

Польш улсад болсон хөнгөн атлетикийн тэмцээнд 400 метрийн зайд гүйж, Дэлхийн аварга болсон 85 настай ахмад тамирчин Ц.Раднаа гуайгаар монголчууд бахархаж, хэсэгтээ л омогшлоо. Байгуулсан гавьяаг нь үнэлж, Кёкүшюзан Д.Батбаяр дөрвөн өрөө байраар шагнав. 85 насандаа Дэлхийн аварга болсон буурайгаар бахархахгүй байхын аргагүй.

Харин түүнтэй хамт мөр зэрэгцэн явж, эх орныхоо нэрийг дуурсган уг тэмцээнээс авсан найман медалийн тавыг нь авчир­сан Т.Цэрэндолгорын гавьяаг дахиад л анзааралгүй өнгөрөөв. Тэрбээр өдгөө 81 насыг зооглож байгаа ахмад тамирчин бөгөөд 18-хан наснаасаа их спортод хөл тавьж, хоёргүй сэтгэлээр зүтгэн дэлхийн дэвжээнээс 100 орчим медалийг эх орондоо авчирсан гавьяатай нэгэн. Шидэлтийн бүх төрлөөр хичээллэдэг.

Ялангуяа зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтээр дэлхий дахинаа нэрээ дуурсгаж яваа нэгэн. Тамирчин хүний амжилт ил ч тэсвэр хатуужил, саад бэрхшээл нь нүднээс далд. Залуу халуун насаа их спортод зориулж хань ижил, үр хүүхэд, амь амьдралаа хойш тавьсан түүгээр монголчууд бахархах ёстой юм. “Шагналын тавцанд Т.Цэрэндолгор гэж дуудуулах тийм ч сонин биш. Эцгийн нэр, эх орны нэр дуудагдах л дэндүү сайхан” хэмээн ярих энэ эгэл тамирчин 81 нас хүртлээ их спортод зүтгэхдээ нэг ч төгрөгийн дэмжлэг, тусламж авч байгаагүй гэнэ билээ.

Түүний цор ганц спонсор нь үр хүүхэд, хамаатан саднууд нь аж. Гэвч дуртай зүйлдээ үлдсэн амьдралаа зориулна гэж шийдсэн тэр үр хүүхэд хамаатан саднаасаа өөр хэнээс ч тусламж гуйлгүй олон улсын тэмцээнүүдэд оролцдог аж. Мастеруудын рекордыг эвдээд, дэлхийн аварга болоод эх орондоо ирэхэд онгоцны буудлаас хэдэн хүүхдүүд нь л тосдог байсан тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байв. Элэг нэгт монгол түмэн нь түүнийг мэдэхгүй ч, дэлхий түүнийг андахгүй. Тэр дэлхийн тамирчин. Тийм ч учраас 80 насны ангилалд өрсөлдөх болоход 70 насны ангиллын дэлхийн мастерууд баярлаж байсан биз ээ. Бүтэн жарныг их спортод зориулсан ч эх орон, элэг нэгтэндээ мартагдсан дууль болжээ. Түүнийг олж хараасай.