ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Капитал”-д түгжигдсэн 340 тэрбум төгрөг төрийнх биш, харин ард түмнийх

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-09

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшилд 100 хувь байдаг “Капитал” банк дампуурлаа зарлав. Банкийг албадан татан буулгаж буйгаа Монголбанкнаас өнгөрөгч даваа гарагт албан ёсоор зарлаж, нийт чанаргүй зээлийнх нь хэмжээ 80 хувьд хүрсэн учраас цаашид үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрсэн гэж мэдэгдсэн билээ. Чанаргүй зээлийнх нь хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа аж. Харин банкны хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөг болсон. Гэтэл тус банк хадгаламж эзэмшигчдээсээ гадна төрд 340 тэрбум төгрөгийн өртэй гэдэг нь өчигдөр олон нийтэд ил боллоо. Өөрөөр хэлбэл, алдагдалд дурдсан 380 тэрбум төгрөгийн 340 нь төрийн мөнгө гэсэн үг.

Төрийн мэдлийн бүх сангийн мөнгийг өөр дээрээ татаж, төлж барамгүй өрөнд орсон ч “Тун удахгүй хөрөнгө оруулалт татна, гаднаас зээл тусламж авна. Тэгээд төлчихнө” гэх мэтээр хугацаа алдсаар энд хүрснийг өчигдөрхөн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир мэдэгджээ. Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга М.Адилбишийн өгсөн мэдээллээр тус банк нь Монгол Улсын банкны системд 1.1 хувийг эзэлдэг учир санхүүгийн зах зээлд доргилт үүсэхгүй гэнэ. Хадгаламжийн даатгалын корпорацид тус банкны 42 тэрбум төгрөг байгаа. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар иргэн, хуулийн этгээдийн төгрөг болон валютын хадгаламж нь 20 хүртэлх сая төгрөгтэй тэнцэх хэмжээнд байгаа бол харилцах хадгаламжийг нь даатгасан байдаг учраас ямар нэг асуудалгүй 42 тэрбум төгрөгөөс нь буцаан олгохоор болжээ. 

Харин 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэн, аж ахуйн нэгж, болон төрийн сангуудын мөнгийг “Капитал” банкны зээлийн эргэн төлөлт, барьцаа хөрөнгийн борлуулалт, Шүүхийн шийдвэр гарч зээлээ төлж чадаагүй иргэдийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг хураан авч борлуулсны дараа төлж эхэлнэ. Эргэн төлөлт хэдэн жил дамжиж үргэлжилнэ гэсэн үг л дээ. Хувь иргэдийн зүгээс тэрбум, тэрбумаар нь хадгалуулсан тохиолдол бага учраас хохирол бага амсана. Харин төр хамгийн ихээр буюу 340 гаруй тэрбум төгрөгөөр хохирч байна. Угтаа энэ мөнгө төрийнх биш. Харин Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал төлж байсан олон мянган иргэн адилхан хохирол амсаж байна. Тэтгэврийн мөнгө, таны эрүүл мэндийн үйлчилгээ авдаг даатгалын мөнгө тэнд цоожлогджээ гэсэн үг.  “Эрдэнэт”-ийн 40 сая ам.доллар энэ мөнгөний дэргэд жижигхэн сонсогдож байх юм.

Гэтэл сар гаруйн өмнө “Капитал” банкинд 80 гаруй тэрбум төгрөгөө байршуулж байсан “Алтжин” группын эзэн Г.Алтан 500 түрээслэгч нарынхаа нэр дээр данс нээж, 20 сая төгрөгөөр тараан байршуулжээ. Тэр дампуурахыг нь мэдэж байв уу, эсвэл дампууруулах гэж ийм зүйл хийв үү гэдэг нь сонирхолтой.

Мөн мөнгөө төрөөс гаргуулахаар санаархаж байна. Өчигдөр ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл өгөхдөө “Нийгмийн даат­галын сангийн чөлөөт үлдэгдэл болох 280 гаруй тэрбум төгрөг байсан. Сайд болсноос хойш нэлээд багасгая гэж зүтгэсээр 179 тэрбумыг нь авсан. Одоо 101 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа. Монголбанк эрхийг нь шилжүүлж авсан юм билээ.

Тиймээс ойрын үед зөвшилцөлд орж, энэ мөнгийг гаргуулж авах талаар ярилцана. Хэдий хугацаанд хэрхэн эргэн төлөх вэ гэдэг график гаргана. Та бүхэн тайван байж болно. Үл хөдлөх хөрөнгө зэргийг нь борлуулаад гаргаад өгчих байх. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” сангийн 7.6 тэрбум төгрөг байснаас хөөцөлдөж явсаар 5.6 тэрбумыг нь авчихсан. Үлдэгдэл хоёр тэрбум төгрөг байгаа” хэмээв. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төрийн мэдлийн 340 орчим төгрөг байсан. 2015 оноос хойш санхүүгийн чадамжгүй болсон учраас гаргаж өгч чадаагүй. Хурдан шуурхай арга хэмжээ авахгүй бол хохирол улам өсөх байсан” гэж тайлбарлажээ. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын сан мөн л өчигдөр яаралтай хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2012 оноос хойш хуримтлагдсан 135 тэрбум төгрөгийн нэхэмжилнэ гэдэг шийдвэр гаргалаа.

ЭМДЕГ-ын даргын тушаал гарсан бөгөөд тус газар 2017 оноос хойш нэг ч төгрөг нэмж байршуулаагүй юм байна. “Капитал” банкинд байршиж байсан төрийн сангийн мөнгийг задалж үзвэл: 

-“Тэтгэврийн даатгалын сан”-гийн 104 тэрбум 
-“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн 2 тэрбум 
-“Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гийн 47 тэрбум 
-“Эрүүл мэндийн даатгалын сан”-гийн 136 тэрбум 
-Хөгжлийн банкны 52 тэрбум 
-Анагаахын шинжлэх ухааны, үндэсний их сургуулийн 4 тэрбум 
-МУБИС-ийн 2 тэрбум төгрөг тус тус нохойн замаар орж байна. 

Б.Ундармаа гишүүнд банк дампуурсан нь хамаагүй 

Төрийн мэдлийн эдгээр мөнгийг дампуурлаа зар­ласан “Капитал” банк 80 хувьд хүрсэн чанаргүй зээлдэгчдээсээ гаргуулж төлнө. Эсвэл банкны нэр дээр буй үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулсны дараа төлж барагдуулна. Гэвч эхнэр, нөхөр хоёрын нэр дээр байдаг энэ банкинд 340 тэрбум төгрөгт хүрэх үл хөдлөх хөрөнгө байгаа гэж үү.

Тэр ч байтугай цагаан цаасан дээр хараар биччихсэн байхад УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Надад хамаагүй. Миний банк биш. Төрийн сангийн мөнгө байгаа гэж хэлсэн сайд чинь тайлбар өгөх байлгүй. Төв банк хариулт өгөх биз. Энд улс төр орсон” гэдэг тайлбар өгч байх юм. Ийм хүнээс бид юу горьдож, ирэх өдрүүдэд авна гэж төлсөн нийгмийн даатгал буюу тэтгэвэр, эрүүл мэнддээ зарцуулна гэж хураасан эрүүл мэндийн даатгалын мөнгөө олж авах хэрэг вэ. Уг нь энэ эмэгтэй жудагтай, бизнесийн ухаантай байсан бол “Манай болон миний нөхрийн банкинд итгэж байсан та бүхэнд баярлалаа. Бид хохирлыг барагдуулна.

Төрийн энэ олон сангийн мөнгийг эргүүлж төлөх талаар ажиллах болно. Уучлалт хүсье” гээд хэлчихсэн бол болох байв. Гэвч тийм ухаан гарсангүй. Төрийн ордонд сэтгүүлчдээс зугтаж, “минийх биш” хэмээн мэлзэв. Энэ ёсзүйгүй үйлдлийнхээ төлөө огцроход ч багадах биз. Түүний 2016 оноос хойш АТГ-т мэдүүлсэн Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь “Капитал” ХХК-ийг 99.97 хувь буюу 100 хувь эзэмшдэг гэдгийг нь тодорхой бичжээ. Тэрбээр өнгөрөгч онд ЖДҮХС-гаас өөрийн банкаар дамжуулж, 2.3 тэрбум төгрөг авсан гэх дуулиан дэгдэж байлаа. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамгийн сүүлд буюу 2018 онд өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд хүргэе.