ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Итгэл тээгч

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-06-06

Монголчууд хүнлэг сэтгэлтэй, итгэл тээгч ард түмэн гэдгийг харуулж халуун сэтгэлийн хандиваар амьдралын сайхныг мэдэрч яваа тохиолдол олон бий. Тэдний дундаас итгэл сэтгэлийн дэмжлэг тээсэн нэгэн бол Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт 14 жил сувилагчаар ажилласан Ж.Уранчимэг бүсгүй юм.  Тэрбээр энэ сарын 21-ний өдөр эмнэлгийн эмч, ажилтнууд цалингаа нэмүүлэх жагсаал дээр үүдэл эсийн хорт хавдар хэмээх аюултай өвчинтэй нүүр тулж, гурван охин, настай ээжийнхээ төлөө “Би үхэх эрхгүй, амьдармаар байна” хэмээн нулимс дуслуулан хоолой зангируулж хэлснээр түүнийг танихгүй хүн цөөн болсон.

Түүний төлөө мэргэжил нэгт нөхдийн санаачлагаар “Сувилагчийн үнэний өчил” хандивын тоглолт зохион байгуулагдаж, чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний зардлын 50 хувийг бүрдүүлж чадсан. Ард түмний халуун сэтгэл хандивын аян үүгээр дууссангүй. Туславал тусалсан шиг тусалдаг ард түмэн гэдгээ батлан харуулж сувилагч бүсгүйд хоёр өрөө байр бэлэглэсэн гайхалтай сайхан үйл явдал өчигдөр боллоо. Тодруулбал, гурван охинтойгоо 12 м.кв талбайтай “00” өрөөг түрээслэн амьдардаг түүнд н.Төмөртогоо, н.Ундармаа нарын залуу гэр бүл Шинэ Дарханы “Хүслийн хотхон”-д 33.14 м.кв талбайтай байр бэлэглэжээ. Ж.Уранчимэг сувилагч  “Ингэж орон байртай болно гэж бодож байгаагүй.

Надад хэлэх үг олдохгүй байна. Байртай болгож өгсөн н.Төмөртогоо, н.Ундармаа хоёртоо маш их баярлалаа. Миний хүүхдүүд орох оронтой болно гэдэг хамгийн аз жаргал юм. Хүний хувцас өмссөн хүн мөр татуу явдаг гэдэг шиг түрээсийн байранд амьдарна гэдэг хэцүү. Одоо түрээсийн өдөр боллоо гэж санаа зовохгүй, өөрийн гэсэн гэр оронтой болж байгаадаа маш их баяртай байна. Би өнөөдөр үнэхээр аз жаргалтай байна. Эмчилгээндээ явах болчихлоо. Эрүүл болоод ирнэ. Эрүүл болж ирээд ард иргэдийнхээ төлөө бие сэтгэлээ, бүх зүйлээ зориулж ажиллах болно” гэсэн юм. Олонтой явсан хүн хэзээ ч алздаггүй гэдэг. Ирэх он жилүүдэд таны гараар эмчлэгдэх түмэн олны төлөө эрүүл энх, амьдралыг хүсэн ерөөж, ард иргэдийнхээ итгэл хайрыг сувилагчийн ариун үүргээрээ хариулан зогсохыг тань хүлээж байгаа шүү.