Твиттер, фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээг монголчуудын дийлэнх нь ашиглах болжээ. Зарим нь уг сүлжээнд анхлан суралцаж байхад, заримынх нь хувьд аль хэдийнэ ажил, амьдралынх нь нэг хэсэг болж хувирсан байна. Үүнийг дагаад аюулгүй байдлын асуудлууд ч сөхөгддөг. Твиттер сүлжээний нийт хаягийн ойролцоогоор дөрвөн хувь нь буюу дунджаар 20 сая орчим нь хуурамч хаяг байдаг аж. Харин фэйсбүүкийн хувьд мөн л дөрвөн хувь нь хуурамч хаяг гэх судалгаа бий. Эдгээр хуурамч хаягийг ямар зорилгоор нээснийг тодорхойлоход бэрх.
Гэхдээ таних маш олон арга байдаг юм. Хуурамч хаягууд ихэвчлэн вэб сайтад нийтлэгдсэн гэрэл зургийг хувийг зураг болгож ашигласан байдгаас гадна намтрын мэдээлэл байдаггүй. Дэлгэцийн нэр болон URL буюу хаягийн холбоос дээрх нэр нь огт хамааралгүй, идэвхгүй буюу бичвэр оруулаагүй олон жил болсон байдаг байна. Түүнчлэн, бодит бус буюу маш их хэмжээгээр бичвэр нийтэлсэн байдаг аж. Энэ мэт хаягийг устгах, мэдэгдэх тохиргоо фэйсбүүкт бий. Фэйсбүүкийн хувьд 2012 оноос эхлэн хуурамч хаягийг устгаж эхэлжээ. Нөгөөтэйгүүр, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд олон нийтийн санаа бодлыг урвуулахад фэйсбүүк чухал нөлөө үзүүлсэн гэж хардах нэг хэсэг байдаг. Үүнтэй холбоотойгоор фэйсбүүкийн Гүйцэтгэх захирал Марк Цукерберг саяхан АНУ-ын конгресст байцаагдсан удаатай. Харин энэ жилийн хувьд тус сүлжээ 583 сая хуурамч хаяг, 837 спамыг устгаж цэгцэлжээ.
Дашрамд хэлхэд, твиттер, фэйсбүүк хуудсыг хэрэглэгчид өөрсдийн хүрээллийг бий болгохдоо хуурамч хаягийг тусгай аппликэйшн, алгоритмээр таних боломжтой болсон байна.
Манай улсад сонгуулийн үеэр үй олон хуурамч хаягууд бий болж, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ, мэдээллээр хэрэглэгчдийн тархийг угаадаг. Харин тэрхүү мэдээ мэдээлэлд хууртагдахгүй байхад тодорхой төвшний мэдлэгтэй байхад л хангалттай юм. Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглосон. Мөн иргэний дүрсийг буюу зургийг зөвшөөрөлгүй ашигласан, олон нийтэд үзүүлснээс гэм хор учруулсан бол гэм хорыг арилгах үүрэгтэй байдаг байна. Дэлхийн бусад улс орнууд соошл сүлжээнд үйлдэгдэх цахим гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс хуурамч хаяг нээж, бусдыг хохироосон этгээдүүдтэй идэвхтэй тэмцэх болжээ.
Саяхан л гэхэд Энэтхэгийн Панжаб мужийн захирагчийн нэр болон зургийг ашиглан фэйсбүүкт хуурамч хаяг нээж, захирагчийн нэр төрд халдсан утга агуулга бүхий пост оруулсан эрэгтэйг орон нутгийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан илрүүлэн баривчилсан байна. Түүнчлэн, фэйсбүүк хаягийг хуурамч гэдгийг нь профайл зургаар нь таних боломжтой аппликэйшн байдаг байна. Энэ нь “Fakeoff” юм. Тус апп 2014 оноос хэрэглээнд нэвтэрснээр хойш өнөөдрийг хүртэл маш олон хуурамч хаяг болон түүний цаана үйлдэгдэх гэмт хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, 2015 онд цагаан арьст булчинлаг залуугийн профайл зураг ашиглан хуурамч хаяг нээж, 11 эмэгтэйг хүчирхийлсэн өнгөт арьст залууг тус аппын тусламжтайгаар илрүүлэн баривчилж байсан аж. Хэрэгтэн эмэгтэйчүүдтэй хуурамч хаягаар танилцаж, улмаар танилцсаныхаа дараа тэднийг мансууруулж, хүчирхийлдэг байсан гэнэ. Түүнд шүүхээс бүх насаар нь хорих ял ногдуулж байв.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард АНУ-ын эрдэмтэд фэйсбүүк, твиттер зэрэг нийгмийн сүлжээний сайт дахь хуурамч хаягийг илрүүлэх шинэ алгоритмийг хөгжүүлж, дуусгажээ. Уг алгоритм нь хоёр үндсэн хэсэгтэй. Нэгдүгээрт харилцагч хоорондын холбоосын магадлалыг өндөр нарийвчлалтайгаар тооцоолон таамаглал боловсруулдаг байна. Харин дараа нь гаргасан таамаг дээрээ үндэслэн мега-функцийн шинэ багцыг үүсгэдэг аж. Уг алгоритмыг бүтээсэн эрдэмтдийн хэлж буйгаар, тэд уг бүтээлийнхээ тусламжтайгаар хуурамч хаягийг илрүүлэхээс гадна хамгийн ойрын нөхөр хийгээд дайсныг ч таних боломжтой гэнэ. Түүнчлэн, Ip хаягаар нь хуурамч аккаунтыг илрүүлэх боломжтой юм байна.