Монголчууд бид орон сууцтай болох гэж амьдарсаар олон оныг үдэж байна. Байртай болно гэдэг олон хүний хувьд бараг бүх мөрөөдөл нь гэхэд болно. Хүсэхэд хясна гэдэг шиг өнөө мөрөөдөл болсон орон сууцны маань үнэ тэнгэрт хадсан хэвээр. Ипотекийн зээлд хамрагдана гэдэг эр зориг, аз эзийн асуудал гэлтэй. Орлого багатай бол орон сууцтай болно гэдэг биелэшгүй зүүд. Банкны зээлд хамрагдана гэдэг барим тавим зэрэглээ шиг. Хот хөдөө, хол ойр хаана ч байсан хананаасаа халуун хүйтэн устай, харьж очиход ая тухтай гэр оронтой байхыг хэн ч хүснэ.
Нэг үеэ бодоход уналтад ороод байсан барилгын салбар эргэн сэргэж, орон сууцны үнэ овоо тогтворжиж байна. Үүний гол нууц нь барилгын салбарт "талх" нь болсон цементээ бараг бүгдийг гаднаас авдаг байсан хуучин байдлыг халж, үндэсний цементийн үйлдвэрүүд үүдээ нээсний үр нөлөө гэдэгтэй хэн ч маргахгүй биз. 2013 оноос эхлүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүд биелэлээ олж, өнөөдөр “Цемент шохой” ХК, “Монцемент бьюлдингс материал” ХХК, “МАК евроцемент” ХХК, “Мөнхийн баян гал” ХХК, “Налгар түшиг” ХХК үйлдвэрүүд Монголдоо цемент боловсруулах үйлдвэрлэл эрхлэн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж буй.
Даанч энэ бүх цементийн үйлдвэрүүд бүгд төвийн бүсэд байгуулагдсан учраас алслагдсан бүсэд цементийн үнэ аанай л өндөр хэвээр. Хотод 1 тн цемент дунджаар 160 мянган төгрөгийн үнэтэй байхад баруун аймгуудад доод тал нь 300 мянган төгрөгийн ханштай байх жишээтэй. Ядаж байхад үндэсний үйлдвэрүүдээ дэмжих гээд цементийн импортын татварыг 20 хувь болгосон нь алслагдсан аймгийн иргэд аж ахуйн нэгжид "давхар торгууль" болж байна. Хотоос цемент зөөсөн, урдаас цемент оруулсан угтаа адилхан өндөр өртөгтэй болж 2 дахин үнэтэй цемент холын аймгуудын хөгжилд тушаа болсоор л. Ийм байхад төвлөрлийг сааруулах тухай ярих нь хоосон популизм, бүс нутгийг хөгжүүлэх асуудал буруу ташаа бурсан асуудал болж л хувирна.
Орон сууцны барилгын ажлын зардалд барилгын материалын зардал 45 хувь, тээврийн зардал 10 хувь, ажиллагсдын цалин 30 хувийг эзэлж байгаа талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаанд дурджээ. Ердөө 15 хувь нь л бусад зардалд хамаарч байна. Гэтэл барилгын ажлын зардлын тал хувийг эзэлж буй өнөөх барилгын материалын гол цөм нь ердөө цемент, арматур хоёр. Нэг ёсондоо барилгын өртөг цементийн үнээс шууд хараат гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.
Төвөөс алслагдсан аймгуудыг орон сууцжуулах нь уул нь утаатай Улаанбаатарын алдааг давтахгүй байхад тустай. Дээр нь хот руу чиглэсэн их нүүдлийг хориглож тогтооход дөхөмтэй. Гэтэл манайхан төвийн бүсдээ эрэлтээсээ давсан нийлүүлэлт хийдэг хамаг том цементийн үйлдвэрүүдээ хаяа дэрлүүлэн байгуулчихаад өргөн уудам нутаг дэвсгэрийнхээ баруун хязгаарт өнчин ганц үйлдвэр ч байгуулалгүй өдийг хүрсэний горыг алслагдсан бүсийн адлагдсан иргэд амссаар.
Өнөөдөр хотод барилгын материалын захад 50 кг уут цемент 7 мянган төгрөгийн үнэтэй байхад баруун аймгийн зах дээр жиндээ ч хүрдэггүй жижигхэн ууттай цемент 15 мянгаас буухгүй амьтан хүнийг шулж байна.
Баруун аймгуудад орон сууцны үнэ хамгийн багадаа 1 мкв нь 1.200.000-1.500.000 төгрөгийн ханштай байгаа нь ч үүнтэй холбоотой.
Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийн өртөг хотынхоос 2 дахин илүү байгааг бодож үзэх цаг болсон баймаар. Татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн улсын төсвийг арвилан хэмнэх нь төрийн бодлого болохоос алдаж асгах нь өрийн босго л нэмдэг гэдгийг ухаармаар. "Төсвийн мөнгө ёолохгүй төрийн хөрөнгө дундрахгүй" гэж цамнаж арай л болохгүй байх.
Хэрвээ Н.Алтанхуягийн Засгийн газрын үед амлаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед албажуулсан Ховд аймагт цементийн үйлдвэр байгуулах асуудлыг хойшлуулалгүй шийдчихсэн бол баруун бүсэд хийгдэх бүтээн байгуулалтын өртөг бараг 2 дахин буурна гэдгийг арай мэдэхгүй баймааргүй. Энэ асуудлыг Засгийн газар түргэн шуурхай олж харж, төвөг чирэгдэлгүй шийдэж хэрэв чадахгүй юм бол нөгөө кинонд Мандухай сэцэн хатан " Ойрадад ...Махаа шүдээрээ зулгалж ид, Айрагаа цэгээ гэж нэрлэ, Гэрээ Орд гэж бүү нэрлэ ”...гэдэг шиг бараг "Баруун аймгийн иргэдийг байшинд амьдрахыг хориглоно" гэсэн хууль гаргачихвал үнэнд илүү ойртох нь байна шүү таминь.
Алслагдсан аймгийн иргэд бидний чихэн дээр цэцэг ургуулж болсоон. Одоо харин "цементэн дээр цэцэг ургуулж", баруун бүсийн барилгын материалын хэрэгцээг хангах ганц цементийн үйлдвэр байгуулаад өгөөч.
Үүнийг чинь дагаад төсвийн хөрөнгөөр барих барилга байшингийн зардал буурч, түмэн олон чинь амьдран суух орон сууцны үнэ багасна.
Улаанбаатарын утааг улам нэмэхгүй гэвэл,улс гэрийнхээ баруун хязгаарыг хүнтэй байлгая гэвэл, иргэдээ дэмжиж итгэлийг нь хураая хэмээвэл цэг тавих ганц арга нь цементийн үйлдвэр болчихоод байна шүү.
Хавар ирэхэд нь Ерөнхий сайд болоод Ерөнийлөгчид хандаж тавьсан гол хүсэлт энэ л байсан. Чихээрээ тэд сонссон болохоор цэгцэлж ажил болгоно гэж итгэсээр л байгаа шүү.
Эх сурвалж: “Өдрийн сонин”