ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Талын “бор шувуу”

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-25

Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Ингэхдээ нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягнаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэхээр хуулийн төсөлд нэмж тусгажээ. Энэхүү саналын гол дүрд нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тоглосон.

Тэрбээр “Регистрийн дугаараар бүртгэн цэгцлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол гүтгэлэг ихэслээ. Олон дагагчтай хэрэглэгчийг хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлтэй адилтган арга хэмжээ авдаг болох нь зөв”  гээд л их идэвхитэй зүтгүүлж байна. Түүний яриад байгаа сэдэв бол уг нь  Монголын улстөрчдийн мэдлээс хол давсан асуудал л даа. Үүнийг талд “жиргэж” явсан монгол аавын хүү шийдчихдэг бол хууль ч гаргаад яах юм.

Зүгээр л Монголын иргэд фэйсбүүкд регистрийн дугаараар бүртгэнэ гээд журам гаргачихаач. Гэхдээ хууль, журам, дүрэм бүгдийг нь гаргасан ч шийдэж чадахгүй асуудал шүү дээ. Үүнийг ганцхан дэлхийд данстай “Фэйсбүүк” компанийн удирдлагууд л шийддэг юм гэдгийг Х.Болорчулуун ойлгосонгүй. Тэрбээр өөрийгөө бүхнийг мэддэг, шийддэг гэж боджээ. Социализмыг дахин мандуулж, хүний эрхийг хазаарлаж өөрөө мөнхийн гишүүн байх гэж сэрүүн зүүдлэв.

Гэтэл яриад байгаа зүйл нь хувь хүний нууцтай салшгүй холбоотой. Хэрэв энэ хууль батлагдвал монголчуудын бүх нууцыг дэлхий мэддэг болно гэсэн үг. Мөн хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл. Ийм л ноцтой зөрчилтэй хуулийн гол дүрд эрхэм гишүүн маань далбагнаж явна. Яг ямар үйлдэл хийж буйгаа ч мэдэхгүй жиргэж байдаг талын бор шувуу шиг л санагдлаа. Хөөрхийдээ талын бор шувуу нэг л өдөр тэнсэн чавхны чулуунд оногдоно. Харин эх нутаг нь үлдэнэ. Гэтэл Монголынхоо бүх иргэдийн мэдээллийг дэлхийд дэлгэсэн Х.Болорчулуун мөн л нэг өдөр иргэдийн саналд унана. Харин түүний буянаар хамаг нууцаа дэлгэсэн ар түмэн тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй хэмжээнд хүрэх аюулын харанга ойрхон буйг тэр ойлгосонгүй.