Франц улсын элэгний мэс заслын арга техникийг Монголдоо нутагшуулж, жилд элэгний хорт хавдар өвчнөөр шаналж буй 350 гаруй хүнд амьдрал бэлэглэдэг ачтан бол ХӨСҮТ-ийн захирал, Ж.Чинбүрэн эмч. Тэрбээр Францын нэрт мэс засалч Мишел Жилеттийн арга туршлагаас суралцаж, “Төвийн байрлалтай элэгний хорт хавдрыг хялбаршуулсан аргаар тайрах” нь докторын ажлаараа Францын мэс заслын академийн хүндэт гишүүн болсон юм.
Элэгний хорт хавдрын хамгийн хүнд хэлбэр гэгддэг төвийн байрлалтай 800 гаруй хорт хавдрыг амжилттай тайрч Монголын эмч нарын нэр хүнд, ур чадварыг дэлхийн давцанд танилцуулсан туршлагаа тэрбээр Монгол Улсынхаа хөдөө орон нутгийн эмч нарт түгээж явна. Тодруулбал, уржигдар Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 48 настай эмэгтэйн элэгний хорт хавдрыг тайрах ажилбарыг амжилттай хийжээ.
Элэгний хорт хавдрын тархалтаараа улсын дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлттэй байдаг Увс аймагт тус хагалгааг амжилттай хийсэн нь олон хүний баяр, талархлыг хүлээгээд байна. Дэлхийн том институтууд элэг шилжүүлэн суулгах, тайрах хагалгааг жилд 100-200 орчмыг хийж байхад Ж.Чинбүрэн эмчийн удирдаж буй баг тус хагалгааг 350 гаруйг хийдэг аж. Хамгийн гол нь хагалгааны дараах хүндрэл 1.5 хувьтай байгаа нь олон улсын хүлцэх хэмжээнээс даруй хоёр дахин бага байгаа юм. Монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа Ж.Чинбүрэн эмч болон түүний баг хамт олонд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.