ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс “хумсалсан” төрийн өндөр албан тушаалтнуудын асуудал нийгэмд байсаар байна. Тэдний нэг нь Үндэсний Аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар. Тэрбээр өөрийн хамаарал бүхий “Цэн стайл” ХХК-д ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан нь олон нийтэд ил болсон юм.
Улмаар тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүнийг өрөөндөө дуудан, нэн даруй ажлаа өгөхийг сануулж “банга” хүртээж. Түүний хувьд өөрийн хамаарал бүхий компанидаа авсан зээлийнхээ талаар товч дурьдаад, ойрын үед өргөдлөө өгнө гэдгээ хэлсэн байдаг.
Удалгүй тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас түдгэлзүүлж өгөх хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлж байлаа. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч, асуудал нь тодорхой болоогүй учраас албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногийн Төсвийн байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх аж.
Тухайн үед УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаас эхлээд зарим гишүүд Д.Хүрэлбаатар даргын энэ үйлдлийг сайшааж, сайн жишгийг харуулж байгааг онцолж байв. Хөгжлөөрөө түүчээлэгч улс орны албан тушаалтнууд авилгалын хэрэгт холбогдох, хүүхэд нь нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлсний төлөө албан тушаалаасаа түдгэлздэг ухамсарт үйлдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон ч үзсэн .
Тэд ард иргэдээсээ уучлалт гуйж, нийтийн өмнө бөхийж байгааг ч харсан. Эдний хажууд Д.Хүрэлбаатар даргын энэ үйлдэл юу ч биш л дээ. Гэхдээ түүний энэ шийдвэрээс олон хүн зөв үлгэр дуурайлал авбал сайнсан. Шүүх хяналтын байгууллагаас түүний буруутай эсэхийг тогтоох учраас юунаас ч айх билээ. Байгаагаараа л шалгуулчих. Буруутай бол оногдох шийтгэлээ хүлээнэ. Буруугүй бол өөрийн нэр төрөө цэвэрлээд, хүссэн ажилдаа эргэлзэж, тээнэгэлзэлгүй орж болно доо. Түүнд жирийн бидэн шиг ажил олдохгүйн зовлон байх биш дээ.