Орон даяар “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжиж буй. Энэхүү хөтөлбөрийг ЭМЯ, ЭМДЕГ-аас хамтран зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл тус хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа талаар ЭМДЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Х.Бат-Оргилоос тодрууллаа.
-“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдийн идэвхи хэр байна вэ?
-“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 21 аймаг, есөн дүүргийн 199 эмнэлэг бий. Одоогийн байдлаар 124 хувийн эмнэлэг бидэнтэй цахимаар холбогдон, мэдээллээ өгөөд байна. Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 7445 хүүхэд хамрагдсан. Цахим бүртгэл зөвхөн хүүхдийн мэдээллийг аваад зогсохгүй, хүүхдийг эмнэлэгт авчран үзүүлж буй асран хамгаалагчдын мэдээллийг давхар авдаг. Нэг хүн олон хүүхэд авчрахгүй байх бодлого гэсэн үг. Ингэснээр 5922 асран хамгаалагчийн мэдээлэл цахим системд бүртгэгдлээ. Эмчилгээтэй шүдний тоо дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 36198 байгаа. Өнгөрсөн долоо хоногоос үзлэгт хамрагдах хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Эрүүл мэндийн сайд хөтөлбөрийг нээхээс өмнө 2000 гаруй байсан бол дараа нь, долоо хүрэхгүй хоногийн хугацаанд 7445 хүрсэн нь хөтөлбөр эрчимтэй хэрэгжиж байгаагийн хэлбэр байх.
-Эмнэлэгт ирж үзүүлж буй хүүхдүүд ихэвчлэн амны хөндийн ямар үйлчилгээ авч байна вэ?
-Улсын хэмжээнд сүүн шүдний цоорол зогсоох түрхлэг хийлгэх үйлчилгээг 2507 хүүхдэд хийсэн байна. 2507 хүүхдийн 10694 шүдэнд энэ үйлчилгээг хийсэн. Өөрөөр хэлбэл, нэг хүүхдэд ойролцоогоор 3-4 шүдэнд цоорол зогсоох түрхлэг хийсэн байна. Бас цөөнгүй хүүхэд цоорлын эмчилгээ хийлгэсэн гэсэн мэдээллийг эмнэлгүүд ирүүлж байна. Орон нутгийн бүх эмнэлэг манай системд мэдээллээ ирүүлдэг. Гэхдээ тооны хувьд харилцан адилгүй байгаа. Тухайлбал, баасан гарагийн байдлаар хамгийн бага буюу Орхон аймагт дөрвөн хүүхдэд үзлэг хийсэн байх жишээтэй. Гэхдээ нэг шүдний эмнэлэг гэсэн үг. Магадгүй манай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй шүдний эмнэлэг бүртгэвэл тоо нь нэмэгдэнэ гэж ойлгож болно. Нийслэл хотод 5261 хүүхэд хамрагдсан нь улсын хэмжээнд хамгийн их тоо гэсэн үг.
-Тухайн эмнэлгүүдээс ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарч байгаа талаар мэдээлэл ирсэн үү?
-Эмнэлгүүдээс хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ хөтөлбөр хэрэгжих явцад тухайн харъяаллын дагуу үйлчилж байсан. Гэхдээ бид харъяалал харгалзахгүйгээр үйлчлэх боломжийг олгож өгсөн. Яагаад гэвэл, тухайн хүүхэд өөрийнхөө байнга үйлчлүүлдэг шүдний эмнэлэгт үзүүлэх хүсэлтэй байж болно. Гол нь манай ерөнхий газартай гэрээтэй байх ёстойг анхаарах хэрэгтэй. Хөтөлбөрийн зорилго нь харъяаллын дагуу үзнэ гэж заасан нь бага зэрэг асуудал байсан. Өөр асуудал гараагүй.
-Эцэг, эхчүүдээс санал гомдол байна уу. Шүдний эмнэлгийн эмч нар хүүхдийн шүдийг үзэхдээ ариутгаагүй багаж хэрэгсэл хэрэглэж байна гэсэн асуудал багагүй гарсан шүү дээ?
-Бас л ямар нэгэн гомдол ирээгүй байна. Гэхдээ бид тухайн үзүүлсэн тусламж үйлчилгээний чанарыг цахим системээр дамжуулан давхар сэтгэл ханамжийн үнэлгээ авч байгаа. Мөн тийм тооны шүдэнд ийм эмчилгээ хийсэн, дараа нь хүүхдийхээ шүдийг хэрхэн анхаарах ёстой вэ, гэдэг зөвлөгөөг эцэг эх, асран хамгаалагчид нь өгч байгаа. Тухайн хүүхдэд тусгай маягт хэвлэж өгөөд тайлбарлаж өгөх маягаар явж байна. Маягтад сэтгэл ханамжийн хэсэг байгаа. Түүнийхээ дагуу бөглөөд манай системд мэдээлэл ирнэ. Бидний зүгээс асран хамгаалагчийн сэтгэл ханамж хэр байгаа эсэх. Хүүхдэд үзүүлсэн тусламж үйлчилгээ хэр чанартай байгаа талаарх судалгааг давхар авч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Магадгүй сэтгэл ханамжгүй үйлчилсэн эмнэлэг байвал ЭМДЕГ-ын цахим системд хяналтын хэсэг ажилладаг. Хяналтын хэсэгт Тусламж үйлчилгээний чанарын газар, Санхүүгийн газрууд тодорхой шалгалт хийнэ. Шалгалтаар муу, дундаж үнэлгээтэй ямар газар байна, яагаад дундаж үнэлгээтэй байна вэ гэдгийг хянах үүрэгтэй.
-Хөтөлбөр хэрэгжих хугацаанд эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Үндэсний хөтөлбөр учир тухайн гэрээтэй эмнэлэг гэрээнд хүлээсэн үүргийн дагуу хүүхдийн амны хөндийг бүрэн эмчлэх ёстой. Манай ЭМДЕГ-аас тавьж буй шаардлагад халдваргүйжүүлэлтийг маш сайн хийх ёстойг сануулж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд ч өөрсдөө тухайн хүүхдэд хэрэглэж буй багаж хэрэгслийг нэг удаагийх мөн эсэх, халдваргүйжүүлэлтийг хийсэн үү гэдгийг эмчээс асууж тодруулах хэрэгтэй. Магадгүй хөтөлбөр хэрэгжээд, багажинд халдваргүйжүүлэлт хийгээгүйгээс болж хожим нь B C вирусээс эхлээд ямар нэгэн халдварт өвчин гарах эрсдэлтэй. Тиймээс МХЕГ, ЭМЯ, ЭМДЕГ, НЭМГ хамтран үүнд тусгай хяналт тавьж байгаа. Давхар эцэг, эхчүүд ч хянах хэрэгтэй.