ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Будзаан: Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 30 хувиар өссөн

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-06-07

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Будзаантай уулзаж цөөн асуултад хариулт авлаа. 

-Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо өссөн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

-Үнэн. Гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон асуудал улсын хэмжээнд 30 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хүүхэд хохирч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлаад үзэхэд, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн 80 гаруй  хувийг насанд хүрэгчид үйлдсэн байсан. Харин 20 орчим хувийг нь өсвөр үе, үе тэнгийн хүүхдүүд үйлдсэн байна. Энэ оны эхний таван сарын байдлаар 804 гэмт хэрэгт хүүхэд хохирсон. Үүний 435 тохиолдол нь гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж эрүүл мэнд халдашгүй байдлаараа хохирсон байна. 

-Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт ногдуулах ял хөнгөн байдгаас болоод ийм гэмт хэрэг өсч байгаа юу? 

-2017 оны долдугаар сарын 01-ээс эхлэн хэрэгжиж буй Эрүүгийн хуульд хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг, хүүхдийн эрхийг хамгаалах  талаар шинэ бүлэг орсон. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд хүүхдийг хүчиндсэн тохиолдолд 12 жил түүнээс дээш 20 жил цаашлаад бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заасан. Хамгийн хүнд ял шийтгэлтэй гэмт хэрэг бол хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг гэж ойлгох хэрэгтэй. Улсын хэмжээнд жилд 250-380 орчим хүчиндэх гэмт хэрэг үйлдэгддэг. Үүний 30 орчим хувьд нь хүүхэд хохирогч болсон байдаг.

-Цагдаагийн байгуул­лагаас хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар ажлууд зохион байгуулж байгаа вэ? 

-Цагдаагийн байгууллагаас хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр компанит ажил зохион байгуулан ажиллаж байна. Мөн “Хүүхдээ хамгаалъя” хуулийн хэрэгжилт,  “Хуулиа мөрдье” арга хэмжээнүүдийг Гэр бүл хүүхэд залуучуудын газар болон бусад төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан.

-Хүүхэд гэмт хэрэг үйлдэх тохиолдол хэр байгаа вэ?

-Хүүхэд үйлдсэн гэмт хэргийн гаралт улсын хэмжээнд 35 орчим хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарсан.